УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Ингээд Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх уг хуулийн төслийг дэмжсэнгүй. Хуулийн төсөл дэмжигдээгүйд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ихээхэн бухимдав.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Ирцээ бүрдүүлээд саналаа хураа. Алийн болгон ирц бүрдэхгүй Засгийн газрын оруулж ирсэн асуудлыг унагаах юм. Д.Хаянхярваа МАН-ын бүлэг дарга мөн үү. УИХ-ын гишүүдэд хариуцлага байх ёстой шүү. Яахаараа УИХ-ын гишүүдийг ирцээ бүрдүүлэх гэхээр Засгийн газрын гишүүдийг ирцээ бүрдүүл гэж ацаглаад байгаа юм. Томилолтоор яваагүй бол чуулганы танхимд кнопоо дараад сууцгаа. С.Бямбацогт та нар, хаашаа алга болчихдог юм. Төсөл унасны дараа орж ирлээ. Гишүүдийн ирцээ бүрдүүлж, санал хураалтад оруулаач ээ. Дахин санал хураалт явуул" гэв.
Харин УИХ-ын дарга М.Энхболд "Санал хураалт явуулах гэж байгааг урьдчилан сануулсан. Санал хураалт явуулах үед танхимд 26 гишүүн байсан. Үүний дөрөв нь Засгийн газрын гишүүн байлаа. Бүх зүйл дээр УИХ-ыг буруутгаж болохгүй" гээд дахин санал хураалт явуулсан ч мөн дэмжигдсэнгүй. Ингэснээр УИХ Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн Засгийн газарт буцаалаа.