Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүний дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгөтэй байхыг хориглосон.
Хуульд аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татахыг заасан.
Энэ хугацаанд оффшор бүсээс хөрөнгөө татсан албан тушаалтан 30 хоногийн дотор АТГ-д мэдүүлэх бөгөөд дээрх хугацаанд өөрийн болон хамаарал бүхий этгээд болох эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, нэгдмэл сонирхолтой этгээдүүд дээрх бүс нутгуудад данс эзэмшсэн, түүнийгээ АТГ-т мэдүүлээгүй бол хуулиараа нийтийн албан тушаалтан албан тушаалаасаа халагдагдах зохицуулалттай аж.
Гэсэн ч хугацааг сунгасан тухай албаны хүн мэдээллээ. Тодруулбал,
АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр "Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, Сингапур, Хонгонг, Швейцарийг нэмж оруулсан.
Тиймээс Засгийн газраас уг жагсаалтыг шинэчлэн баталсан өдрөөс хойш тооцож оффшор бүс нутагт мөнгөн хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол гурван сарын дотор холбогдох арга хэмжээг авч мэдүүлэх үүрэг хүлээдэг тул ийнхүү албан тушаалтнууд гуравдугаар сарын 6-ны дотор мөнгөн хөрөнгөө татаж, дансаа хаах шаардлагатай болж байна" гэв