Экспортын гол орлогыг бүрдүүлдэг Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаа төрийн дорвитой шийдвэрийг хүлээж, шийдлээ нэхсэн хэвээр байна.
Хэдхэн хоногийн өмнө Хятадын Ганц модны боомтын талд жагсаал цуглаан болж, Монголын эдийн засагт багагүй хохирол учруулсан. Эдийн засагчдын тооцоогоор хил хаагдсан ес хоногт манай улс нүүрсний экспортоос ойролцоогоор 49 сая, зэсийн экспортоос 34 сая нийт 83 сая орчим ам.долларын орлогоо алджээ. Өдрөөр тооцож үзвэл, боомт хаалттай, түгжрээтэй байх өдөр бүр хамгийн багадаа 8-9 сая ам.долларыг алддаг гэсэн үг.
Ингэж хэдэн саяар нь хийсгэсэн алдагдлыг нөхөхийн тулд экспортыг зогсолтгүй явуулах ёстой. Өөрөөр хэлбэл Ганц модны боомтыг чиглэсэн тээврийн машинууд очерлож, дугаарлахгүйгээр явна гэсэн үг.
Гэвч бодит байдал дээр нөгөө л 100 км-ыг давсан очер дараалалд хүрэхэд ойрхон байна.
Боомтыг хаахаас өмнө өдөрт квотоор 500 орчим машин гарч байв. Гэтэл боомт нээгдсэнээс хойш машины тоо 170-200 болж багасчээ. Боомт дахин нээгдсэнээс хойш өдөрт ердөө 180 орчим машин л хил нэвтэрч байгаа гэсэн үг. Ингэснээр өнөөдрийн байдлаар машины очер дараалал дахин 20 гаруй км-т хүрч, Цагаан хад хүртэл үргэлжилжээ. Энэ янзаар дахиад 2-3 хоноход л очер дахин 100 гаруй км хүрэх нь тодорхой байна. Өвлийн тэсгим хүйтэнд жолооч нар нь зам дээр бээрч, дэлхийд байхгүй түгжрэл саатал үргэлжилсэн хэвээр байх нь.
Тэгэхээр яахав?!. Гашуунсухайт бол Монгол Улсын нүүрс, зэсийн экспорт явагддаг экспортын гол гарц. Үүгээр Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт хийгдэж, төсвийн гол орлогыг бүрдүүлдэг. Ганц модны боомт хаагдаж, Монгол-Хятадын талууд уулзах үеэр Хятадын талаас өдөрт гаргах машины тоог 500-аар хязгаарлах бусөдөрт 1,000 машин нэвтрүүлэх боломж байгааг урд хөршийнхөн хэлжээ.
Харин одоо Монголын тал ямааны мах халуун дээрээ байгааг ашиглах хэрэгтэй байна. Хятадын талтай албан ёсны, дээд түвшинд яриа хэлэлцээр хийж асуудлыг нэг мөр шийдэх шаардлагатай гэсэн үг. Саяхан холбогдох яамд болон орон нутгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсны дүнд ямар ч байсан хил хаагдсаныг нээлгэж, зохицуулсан. Мөн нүүрс тээврийн компаниудыг нилээд журманд оруулсан.
Гэвч улсын гол нэрийн эрдсийн экспортоос орж ирэх орлого, роялти, татвар хураамжийн орлогыг өдөр өдрөөр алддаг энэ байдлыг нэг мөр цэгцэлж, дорвитой, бодитой, зоригтой шийдвэр, хамтын хэлэлцээр хийх хэрэгтэй байна.
Улсын төсөв хүнд байна хэмээн бусдаас тусламж хүсч, цалин тэтгэврээ тавьж чадахгүйдээ хүрлээ гэж татвар хүртэл нэмсэн. Тэгсэн хэр нь экспортын гол гарцан дээрээ байнгын асуудалтай, голлох орлого, роялти болон татвараа зүгээр хараад алдаж суугаа байдалд цэг тавих хэрэгтэй болжээ.
Эх сурвалж: shuud.mn