Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
БАЙНГЫН ХОРОО: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021-04-27

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаан гишүүдийн ирц бүрдсэн тул 10 цаг 06 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа онцолсон. Мөн Ажлын хэсгийн зүгээс  хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс төслийн 29.2-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахад үйлчилгээний хөлс төлнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг татан авч байгаа мэдэгдлээ. Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Ажлын хэсгийн танилцуулгад, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль, тогтоомжийг хангах чиглэлээр бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахдаа холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал нь чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгах санал гаргасныг дурдсан байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Оюуны өмчийн багц хуулийн төслүүд эцэслэн батлагдах шатандаа яваа энэ үед  Эрүүгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгааг Засгийн газар анхааралдаа авахыг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээгдэхүүн унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах гэсэн хэсэг төсөлд оруулсанд талархахын сацуу төслийн 41.1.6-д “Энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллагад хандсан бол тухайн цахим хувийг хадгалж байгаа байгууллага, хувь хүн саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн өгүүлбэр нэмж, үүрэгжүүлэх шаардлагатай байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хүссэнийг уламжилж, зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. 

Хуралдааны төгсгөлд Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулгадаа дурдав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.