Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, тэр байтугай том групп удирдаж болохгүй гэж?
2021-04-01

Таны гарааны бизнес, компани, групп... ер нь таны бизнес, санхүүд асуудал тулгарч, доголдол үүсэн, хэнд, хаана хандахаа мэдэхгүй хий дэмий ашиггүй зардал гарган суугаа юм биш биз!!!

Тэгвэл таны асуудлыг Z үеийнхэн шийдээд өгнө.

БНХАУ-ын 10 шилдэг сургуулийн нэг Zhejiang university (Жежиан их сургууль)-д тус улсын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцаж буй 22-хон настай Э.Анужин хэмээх бүсгүй дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын хүнд нөхцөлд шантарч, цуцалгүй, зоригтойгоор “MMCSA” /Эм Эм Си Эс Эй/ гэх зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниа удирдан, 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мөрөөдлийн багаа бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. Таны бизнесийн маркетинг, санхүү, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг 21-р зууны зорилтот зах зээл дээр эрчимтэй гарган таниулж, тогтвортой үйлчилгээ болон борлуулалт хийхэд тань цогц үйлчилгээ үзүүлэх зорилттой тус компанийн хамт олон бүгд хорь гарч яваа Z үеийн төлөөлөл болсон шижгэнэсэн залуус бөгөөд одоогоор цар тахалын хүнд нөхцөлд хэд хэдэн байгууллагад үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаад байгаа юм. Иймд тус компанийг удирдан ажиллаж буй залуухан гүйцэтгэх захиралтай ярилцахаар оффист нь саатлаа.

-Сайн уу, өдрийн мэнд. Байгуулагдаад удаагүй ч цар тахалын хүнд нөхцөлд нэлээд хэдэн байгууллагад үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж дуулсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Манай байгууллага 2020 оны төгсгөл буюу арванхоёрдугаар сарын сүүлээр байгуулагдсан. Эгшиглэн гээд мундаг залуугийн “Севэн экс” группийн охин компани л даа. Бид үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч маш богино хугацаанд 10 гаруй хүнтэй багаа бүрдүүлж, цар тахалын үед шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж эхэлсэн. Ерөнхийдөө бид байнга судалгаа хийж, өөрсдийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлж ажилладаг. Судалгаа хийх явцад маш олон байгууллага маркетинг болон хөгжүүлэлт тал дээрээ дутагдалтай байсан. Тиймээс бид цахим уулзалт зарлаж, зүүмээр тухайн байгууллагынхантай багаараа холбогдож, бодит жишээн дээр ажиллаж, зөвлөгөө өгсөн. Энэ нь ч тухайн байгууллагуудад таалагдсан.

-Өнгөрсөн оны сүүлээр байгуулагдсан гэхэд богино хугацаанд багаа бүрдүүлжээ. Залуу хүний хувьд баг бүрдүүлэлт хамгийн чухал байх. Хамтран ажиллагчдаа сонгохдоо юун дээр түлхүү анхаарсан бэ. Сүүлийн үед дипломыг чухалчилгүй ур чадвар, хандлагыг нь хардаг болсон мэт санагддаг.

-Залуучууд их чөлөөтэй сэтгэдэг. Тэдэнтэй ажиллахын давуу тал нь тэр. Хэдийгээр чөлөөтэй сэтгэдэг, идэвхитэй байлаа ч ажлын байрны шалгуурыг хангахдаа бага ч болтугай албаны байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа багаа бүрдүүлэхдээ эхлээд ажлын анкетыг нь авна. Анкетыг нь яг стандартын дагуу хардаг, зургаа яаж байршуулсан байна, үг үсгийн алдаа байна уу гээд ажлын анкетнаас хувь хүний суурь харагддаг. Албаны бичгээр бичсэн үү, өөрийнхөөрөө бичсэн байна уу гэдэг нь мөн чухал. Ажлын анкет угаасаа албаны баримт бичиг учраас албан байх ёстой. Анкет нь болж байвал уулзалт зохион байгуулна. Харин ярилцлаганд ирэхдээ заавал албаны байхыг шаарддаггүй, хүсдэггүй. Ёстой өөрийн гэсэн ертөнцөөрөө чөлөөтэй байгаасай гэж боддог. Бид оффистоо ч албан хувцас өмсдөггүй, чөлөөтэй хувцасладаг. Захирал нь хүртэл жинсэн өмд өмсчихсөн байгаа биз дээ /инээв/. Ярилцлагаас нь тухайн хүний хандлагыг олж харахыг хичээдэг. Одоохондоо хийж чадахгүй байж болох ч сурч чадна аа гэсэн итгэл, хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал. Хандлага нь таалагдвал мөрөөдлийн багийн маань нэг гишүүн болж бидэнтэй нэгдэхийг уриална.  Миний бодлоор ч тэр, ерөнхий захирлын бодлоор ч манай компани мөрөөдлийн багаа бүрдүүлж чадсан. Манай багийн бүрэлдэхүүнд банк санхүү, олон улсын эдийн засагч, график дизайнер, бизнесийн удирдлага, хүний нөөц гээд бараг бүхий л чиглэлийн залуус байна. Гэхдээ “Би банк санхүүгээр мэргэшсэн туршлагатай ч график дизайн руу хөрвөх чадвартай, үүнийгээ хөгжүүлэх сонирхолтой” гэдэг. Бид дуртайяа хүлээж аваад, “Чиний мэргэжил хамаагүй ээ, чи үнэхээр сурахыг хүсч байвал бид сургаад авъя, хөгжүүлье, өөрийгөө бүрэн хөгжүүлээд, хангалттай болчихлоо гэвэл дараагийн шатруу үсрэх боломжтой” гэдэг. Нэг ёсондоо мэргэжил, диплом дээр ач холбогдол өгдөггүй.

-Мөрөөдлийн багаа Z үеийнхний төлөөллөөр бүрдүүлсэн харагдсан. Өөрөө ч энэ үеийн төлөөлөл болж яваа залуу удирдагч. Z үеийнхэн онцгой гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний хувьд хүмүүсийн хэлээд байгаа тодорхойлолтод нь очдоггүй, Миний хувьд аливаа зүйлийг ёс журмынх нь дагуу хийдэг хүмүүсийн нэг л дээ /инээв/. Стандартыг барьдаг, яхир хүн. Гэхдээ Z үеийнхнийг хараад атаархмаар санагддаг. Би багаасаа ганцаараа, биеэ дааж өссөн болохоор дүрмийн дагуу байж, хайрцаглагдчихсан юм шиг санагддаг. Одоо л Z үеийнхэнтэй хамт байж, тэр хайрцагнаасаа гарч байна гэхэд болно. Үнэхээр бүтээлч, эрч хүчтэй залуусын хийсэн зүйлийг стандартын дагуу байх ёстой, энийгээ зас гээд байх юм бол эргээд тэр хүнийг өөрийнхөө хайрцагт оруулчихна. Нэг ёсондоо хайрцагнаас гадна, чөлөөтэй сэтгэж чаддаг хүмүүс гэж боддог.

-Чөлөөтэй сэтгэж байгаагийн шалтгаан нь нийгэм нөлөөлсөнийх үү, эсвэл цахим ертөнц нээлттэй байгаагийнх юм болов уу?

-Аль аль нь нөлөөлсөн байх.

-Компанийнхаа талаар яриагаа үргэлжлүүлье. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед бүхий л байгууллагууд маш хүнд нөхцөл байдалтай байна. Энэ үед шинэ компани байгуулан ажиллаж байгаа нь зоригтой алхам мэт. Залуу хүний хувьд эмээж байв уу, ийм төрлийн компани байгуулах сэдэл хаанаас төрөв?

-Одоохондоо ерөнхий захирал бид хоёр дампуурах талаар огт бодоогүй байна. Их хэмжээний ашиг олоогүй ч өртөгтөө таараад л явж байгаа. Зөвхөн коронагийн үеэр ажиллах бус цаг сайхан болсон ч сэргэн мандахаар компаниа зохион байгуулан ажиллаж байна. Хамгийн анх ерөнхий захирал маань надад санал тавьсан юм. Гадаадад олон жил болсон болохоор монгол хэлний ярих, бичих чадвар тааруу, дөнгөж 4-р курсын оюутан компани удирдах гэж эхэндээ нэлээд шокын байдалтай байсан. Байнга ерөнхий захирлаасаа зөвлөгөө авна. Манай захирал өөрөө 1995 оны залуухан ч надад байнга тусалж, зөвлөгөө өгч ажилладаг. Одоо нэг үеэ бодвол багийн уур амьсгал, байгууллагын үйл ажиллагаа гээд бүх зүйл хэвийн сайхан явагдаж байна. Ковидын үеэр бүх компани, жижиг дунд үйлдвэрлэл гээд хүнд байдалд байгаа. Манайх ч мөн ялгаагүй хэцүү байгаа. Гэхдээ энэ үеийг л даваад гарчихвал сэргэн мандаж, түвшин дээшилнэ гэсэн итгэлээр л өөрсдийгөө хооллоод явж байна даа.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Би багаасаа Хятадад суралцсан болохоор эцэг эхээсээ хараат бус өссөн. Өөрөө бүх зүйлээ зохицуулаад л явчихдаг. Ялангуяа 100 хувийн тэтгэлгээр хятадад суралцсан болоод ч тэр үү мөнгө төгрөгний тал дээр ч хараат бус байдаг. Монголд ирээд аар саархан зүйл хийж, өөрийгөө болгоод л байсан. Тэр үед “ер нь төгсөх гэж байгаа юм чинь яагаад монголд карьерээ эхлүүлж болохгүй гэж” бодоод л зориглосон доо. Үнэнийг хэлэхэд анх компаниа удирдах санал аваад ч ээж аавдаа хэлээгүй, бараг сарын дараа “Би нэг компанид гүйцэтгэх захирал хийж байгаа” гэдгээ хэлтэл “Хөөх тийм үү, ямар мундаг юм бэ” гээд л өнгөрсөн /инээв/. Эцэг эх маань Хятадад байдаг. Монголд байгаа гэр бүл, хамаатан садангууд маань сүүлд л эмээ, эгчээс сонсоод надаар бахархсан юм шиг байна лээ. Хүний бахархлыг авсан болохоор тэр хүний бодсон шиг байгаа болов уу, бодсоноос нь илүү байх юмсан гэж улам хичээж, өөрийгөө хурцлаад явж байна.

-Хүний нөөц, маркетинг, бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр зөвлөгөө өгдөг гэлээ. Танайхаас аль чиглэлээр нь түлхүү зөвлөгөө, дэмжлэг авч байна вэ?

-Маркетингийн чиглэлээр гол төлөв зөвлөгөө авч байгаа ч миний харж байгаагаар Монголд бизнес хөгжүүлэлт дутмаг байгаа мэт санагддаг. Бизнесийнхээ наад захын үйлдвэрлэлийн хөгжүүлэлтийг хийгээгүй хүмүүс маркетингаа дангаар нь хөгжүүллээ ч гэлээ гарч ирэх үр дүн нь гарч ирэхгүй л дээ. Тэгэхээр брэнд хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг ойлголт дутмаг байдаг мэт санагддаг. Тэр бүхэн нь бүрэлдээгүй байхад бид дан ганц маркетинг дээр нь ажиллаад, дижитал, сошиал гээд бүх төрлийн маркетингийг нь хийсэн ч хэрэглэгчдэд хүрч байгаа хөгжүүлэлтийнх нь үр дүн байхгүй болчихно. Зөвхөн хандалт аваад л, ийм газар байдаг юм байна гээд мэдээд л өнгөрдөг. Яг хэрэглээд, хэрэгчлэгчдэд бүтээгдэхүүн нь таалагдан эргээд худалдаж авах нөхцөл нь монголд бүрдээгүй.

-Компаниудад энэ мэт алдаа дутагдлыг нь хэлээд, зөвлөхөд алдаагаа засаад ажилладаг уу эсвэл бидэнд зөвхөн энэ л хэрэгтэй гээд авах гэсэн үйлчилгээгээ авахыг зорьж байна уу?

-Ямар нэг байгууллагатай хамтрахаас өмнө үйлчлүүлэгтэй харилцдаг менежер маань тухайн компанитай уулзаад, бүх мэдээллээ авчихаад эргээд багтаа ирж мэдээлдэг. Ийм ийм юм байна, энийг нь яах вэ гээд багаараа ярилцдаг. График дизайнер, маркетинг, хүний нөөц хамаагүй бүгд өөр өөрсдийн санаагаа бүх талаас нь дэвшүүлж, ярилцсаны үндсэн дээр эцсийн байдлаар брэнд хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт гарч ирдэг. Үүнийгээ цааш нь тухайн компанидаа танилцуулна. Заавал гэрээ үзэглэсний дараа гаргалгааг тань гаргаж өгнө гэдэггүй. “Танай байгууллагад ийм ийм зүйл хэрэгтэй байна, бидний зүгээс тийм зүйлүүдийг хийж чадна. Тиймээс та бидэнтэй хамтарч чадах уу, болох уу” гэдэг саналыг тавихад маш нааштай ханддаг.

-Танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас ялгарах давуу талаа юу гэж хардаг вэ. Яагаад та бүхнийг сонгох ёстой гэж?

-Зарим компани зөвхөн гарах ашгаа эхлээд бодож, байгууллага дахь уур амьсгал нь онцгүй байдаг юм шиг байна лээ. Харин манай баг түрүүн хэлсэнчлэн “Мөрөөдлийн баг” болж ажиллаж чаддаг. Өнөөдөр хэн нэгэнд нь ямар нэгэн асуудал тулгарахад ах ч бай, дүү ч бай яг гэр бүл шиг нь ханддаг. Тэр хандлагаараа эргээд үйлчлүүлэгчиддээ ханддаг учраас үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байдаг. Бүх үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд хийж чаддаг. Бид тухайн байгууллагатай хамтран ажиллах хугацаандаа зөвхөн менежерээр дамжуулан харилцахыг чухалчилдаггүй. Хэрэв та хүсвэл шууд маркетинг, график дизайнерын багтай холбогдож ажиллаж болно гэдэг саналыг тавьдаг. Энэ хамгийн том давуу тал болж чаддаг байх.

-Бизнестээ зөвлөгөө, үйлчилгээ авахыг хүссэн байгууллага, хувь хүн та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

-Маш амархан. Манай “ММCSA” ХХК цахим хуудас руу нэвтэрч ороод, холбоо барих руу нь холбогдоход л болно. Эсвэл бүр хэн нэгэн ажилтны маань фэйсбүүк, инстаграмм гээд аль ч төрлөөр холбогдсон бид нээлттэй хүлээж авч, хамтарч ажиллахад таатай байх болно.

-Түрүүн хэлсэнчлэн монголын компаниуд бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ алдаж байна гэсэн. Маркетинг, хүний нөөц, эдийн засгийн чиглэлээр яг үүн дээр л анхаарч ажиллаарай гэсэн зөвлөмж өгвөл.

-Жижиг компаниуд ихэвчлэн маркетинг, санхүү, хүний нөөцийн баг гээд л арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй асар том багтай байдаг. Гэтэл тэр багт байгаа хүн бүрийг ашигтайгаар ажиллуулж чадаж байгаа юу гэвэл маш цөөхөн. Маркетингийн багийн долоон хүний хоёр нь л илүү идэвхитэй ажиллаад, тав нь идэвхигүй ажиллаж байхад хоёр нь тав руугаа уусдаг. Таны байгууллагад ашиглагдахгүй байгаа хүмүүсийг өөртөө ч, нөгөө хүмүүстээ ч ашигтай байдлаар, сайнаар эргүүлж чадвал тэр нь компаний дэд бүтэцтэй холбогдоод явчихдаг. Бидний зүгээс тэдгээр хүмүүст “Танай байгууллагад үнэхээр маркетинг, хүний нөөцийн баг хэрэгтэй юу. Танд ашиггүй зардал гаргаад, өртгийг чинь бий болгоод байвал манай компани тухайн өртгөөс чинь хамаагүй бага үнээр түүнтэй чинь дүйцэхүйц хэмжээний үйлчилгээ үзүүлж чадна. Бүх хүмүүс маань мэргэжлийн түвшинд сургагдчихсан. Өөрсдийнхөө юу хийхийг ч мэддэг, туршлагатай, бэлтгэгдчихсэн хүмүүс учраас түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадахаар ажиллаж чадна” гэдэг саналыг тавьдаг. Нэг ёсондоо хэрэгцээгүй албанд гарч буй өртгийг багасгах зорилгоор байгуулагдсан гэхэд болно.

-Ойрын гурван жилийн төлөвлөгөө, зорилтоосоо хуваалцаач. Компаниа ямар хэмжээнд хүргэн ажиллахаар зорилт тавьсан бэ?

-Одоо нэг бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Гэхдээ энэ нууцлалын зэрэгтэй /инээв/. Тэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ энэ жилдээ багтааж зах зээлд гаргана. Мэдээж тэрнийхээ дагуу ажилчдынхаа тоог ч нэмэх шаардлагатай болох учраас оффисоо илүү том болгож солино. Зөвхөн гарааны бизнес эрхлэгч биш группийн хэмжээнд очъё гэсэн маш том зорилготой байгаа. Зорилго маань биелэх үгүйг мэдэхгүй ч зорилгодоо хүрэхийн тулд хичээнэ. Өнөөдөр би долоог хүсэж байвал угаасаа гурвыг авахаас хойш нэлээн том хэмжээний бодол тээж яваа. Хувийн зорилго гэвэл сургуулиа амжилттай төгсөөд, ажлынхаа хажуугаар Монголдоо магистр, докторын зэргээ хамгаалахыг зорьж байна.

-Гадаадад сургууль төгсөөд ирсэн хүн бүхэн эх орноо ингэж хөгжүүлэх юмсан гэсэн багахан хүсэл тээгэд ирдэг мэт санагддаг. Хятад улс бол дэлхийд хөгжлөөрөө тэргүүн эгнээнд явдаг. Тэр том гүрний соёлоос суралцаж, амьдарч байсан хүний хувьд манай улс тийм туршлагыг нь авч хэрэгжүүлээсэй гэсэн бодол, санал бий юу?

-Миний суралцаж байгаа Жежиан их сургууль нэгдүгээр дамжаа байна уу, төгсөх курс байна уу хамаагүй оюутнуудынхаа хийж хэрэгжүүлж буй төсөл, санаачилга, компани байгуулах гэсэн хүсэл гээд бүгдийг нь маш сайн дэмждэг. Дунд нь тэмцээн зохион байгуулж, шилдгээр шалгарсан төсөл, санаачилгад нь хөрөнгө оруулж, залуучуудыгаа дотроосоо нэгтгээд явдаг. Манай сургуулиас хэд хэдэн шилдэг удирдагчид төрж, бүр Жекматай хүртэл хамтран ажилласан жишээ байдаг. Сургуулийнхаа хүрээллээс гарч өөр байгууллагаас хөрөнгө оруулалт хүсэх биш, бүх төслөө бичээд, багаа бүрдүүлэн сургуулийн удирдлагадаа бариад очиход “Сайн байна. Чамайг ингэж дэмжье, хөрөнгө оруулалт хийе” гээд цааш нь дэмжээд явдаг. Яг энэ л монголд хэрэгтэй, дутагдаад байгаа мэт санагддаг. Оюутнууд битгий хэл сургуулиа төгссөн залуучууд өөрсдөө юм босгох Монголд үнэхээр хэцүү. Тогтвортой ажил хийгээгүй, нийгмийн даатгал төлөөгүй, туршлагагүй гээд зээл олгохгүй. Хөрөнгө оруулалт босгохын тулд дандаа ар талаасаа, хамаг юмаа зарж, барьцаанд тавьж байж босгох жишээний. Хятад улс цахим хэрэглээг хязгаарладаг мөртлөө дотроо өөрсдийгөө дэмжиж, босгож чаддаг. Гэтэл бидэнд бүх зүйл нээлттэй, өнөөдөр гэрээсээ Европын сургалт, мэдэээл гээд бүх зүйлийг авч чадаж байж дотроо нэгнээ дэмждэггүй. Сайн яваа нэгнээ хүртэл хэмлэж, доош нь татдаг. Залуу хүн байж гээд л эхэлдэг. Залуу хүн яагаад өөрийгөө хөгжүүлж, өөрийн ертөнцөө нээж, тэр байтугай том групп удирдаад явж болохгүй гэж. Залуучуудад дэмжлэг л чухал. Дөнгөж амьдралд хөл тавиад, нийгмээ хөгжүүлээд ажиллаад өгье гэсэн сэтгэл, зүтгэлийг нь дэмжээд өгвөл агуу зүйлсийг хийж чадна.

-Ярилцлагынхаа төгсгөлд Хятад улсын 100 хувийн тэтгэлгээр суралцсан туршлагаасаа хуваалцаач. Энэ талаар сонирхож байгаа хүүхдүүд их байгаа байх.

-Энэ талаар надтай маш их хүмүүс холбогдож зөвлөгөө авдаг. Миний хувьд өөрөө тэтгэлэг авахаар судалж байхад баттай мэдээлэл байдаггүй байсан. Би тэтгэлгээ авчихаад, сургууль руугаа чемоданиа чирээд орж байхдаа л “Би чадчихлаа, энэ чиглэлээр суралцахыг хүссэн хүүхдүүдэд эх сурвалж нь болж чадна” гэсэн итгэлтэй алхаж байлаа. Тэр итгэлээрээ хэд хэдэн арга хэмжээ ч зохион байгуулсан. Хятадад суралцаж байхад өрнө, дорнын ялгаа маш их мэдрэгддэг. Европ үнэхээр чөлөөтэй зах зээлтэй, залууст ээлтэй. Гэхдээ Хятадад суралцаад наад зах нь хичээл дээр байх ёстой дэг жаяг, ёс суртахуун гэх мэт зүйлсийг сурсан. Өөрийгөө илүү соёлтой, хүн байхын ёс зүй талаас нь их зүйл сурсан. Нэг сул тал нь Монгол оюутнууд текст уншиж чаддаггүй. Тухайн зар юм уу, мэдээллээ эхнээс нь төгсгөл хүртэл нь уншиж дуусгадаггүй. Түүнээс шалтгаалж мэдээллээ дутуу авдаг. Цаашлаад орохыг хүссэн сургуульдаа материалаа дутуу явуулах ч юм уу, бүртгэлээс нь хоцрох тохиолдлууд их байдаг. Тэд гүүглээс сургуулийнхаа нэрийг бичээд хайхаас илүүтэй тухайн сургуульд суралцсан, суралцаж байгаа хүнийг олъё гэдэг. Тиймээс эхлээд мэдээллээ бүрэн авах хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол Хятадын томоохон сургууль байтугай дэлхийн хэмжээний том том сургуулиуд тэр хүнийг авах шаардлагатай юу гэдэг бас асуудал.

-Тэтгэлэг олгоход юуг нь чухалчилж шалгадаг вэ?

 -Би Хятад улсын тэтгэлэгт 2017 оны гуравдугаар сард материалаа илгээж, есдүгээр сараас нь хичээлдээ явж эхэлсэн. Тэр үед англи хэл, хятад хэл, математикын шалгалт өгч байсан. Нэлээд муу оноо авч, яг зураасны дээгүүр таслуулсан. Ярилцлаган дээрээ оноогоо нөхөөд 80 гаруй хүүхдээс дөчин хэдэд нь орж чадсан. Ярилцлаганд орохдоо хятадад сурч байхдаа авч байсан бүх өргөмжлөл, шагнал, алдартай багшийн тодорхойлолт гээд л хавтаслаад аваад очсон. Гэтэл тэдгээр хүмүүс миний өргөмжлөл, гавьяа шагналыг огт хараагүй, миний ярьж байгаа зүйлийг л чухалчилсан. Надаас ямар кино үзсэнийг минь, тэр киноны юу нь таалагдсаныг л асуусан. Миний яриан дундаас хятадад сурах хүсэл эрмэлзлэлийг минь олж харсан юм шиг байна лээ. Хятадаар маш муу ярьдаг гэж өөрийгөө голдог ч, яг үнэндээ хүссэн юмаа ярьж байхдаа маш чөлөөтэй ярьсан. Дан ганц би гэлтгүй бүгд биеэ барьж, эдийн засаг, хоёр улсын дипломат харилцаа гээд л том сэдвийн хүрээнд бэлддэг ч асуудаг зүйл нь чиний дуртай спорт, кино гэх мэт энгийн зүйлийг асуудаг. Би ч өөрөө ярилцлагынхаа урд өдөр хоёр улсын эдийн засгийн гүүр нь болно гээд л бэлдэж байсан. Гэтэл тийм зүйл яриагүй, асуугаа ч үгүй. “Миний үзэж байсан кинон дээр гардаг нуур нь миний сурсан хотод байдаг байсан. Тэр нуур, сүм нь надад маш их таалагдсан, би тийшээ дахиж очмоор байна, мөн би “Цагаан хэрэм” ормоор байна” гээд л ярьсан. Миний дипломат болох нь тэр хүмүүст огт хамаагүй. Харин хятадад сурах хүсэл, эрмэлзэлтэй, тухайн орны соёлоос суралцаж, тэрнээсээ аз жаргалыг мэдэрч чадах юм байна гэдгийг чухалчилж, бүр миний бүх сургалтын төлбөрийг дааж, дээрээс нь сар бүр амьжиргааны мөнгө өгөх хэмжээний итгэлцэл үзүүлсэн. Би яг үнэндээ олон ангит кино, домог ярьж байгаад л гарч ирсэн. Манай нэг найз бүр усан сэлэлтийн талаар ярьж байгаад гарч ирсэн гэсэн. Тэгэхээр Тэтгэлэг гэдэг нь чиний ирээдүйд юу хийж чадах биш, зүгээр энэ тэтгэлгийг аваад чи өөрийгөө олоод, өөрөөрөө аз жаргалтай амьдрах нь чухал. Мэдээж Хятад улсын Засгийн газрын тэтгэлэг учраас хоёр улсын хооронд ямар нэг байдлаар үр өгөөжөө өгөх нь ойлгомжтой шүү дээ. Хамгийн гол нь өөрийгөө олоод дуртай зүйлээ хийх нь чухал.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Л.Булганчимэг