Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд "Монгол Улс цар тахлын нөхцөл байдлыг даван туулж байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амьжиргааг дэмжих, улсынхаа эдийн засгийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр 10 их наядын санхүүжилтийн төлөвлөгөө боловсруулснаас 2 их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3%-ийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргая, хүүгийн зөрүүг төрөөс даахаар тооцсон. Үүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллахыг банкны салбарынхнаас хүсэж байна” гэв.
Энэ үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн нөхцөл байдал, төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ “Монгол Улсын гадаад тэнцэл 2016 оны хүнд үеэс үлэмж дээшилж, 9 сарын хэрэгцээг хангах нөөцтэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулагчидтай богино хугацаанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, идэвхжүүлэх нь чухал. Цар тахал эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр ухраагаад байна. Томоохон төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй. Ингэхдээ санхүүжилтийг гадаад талтай хуваалцах нь оновчтой” хэмээн онцлов.
Банкны салбарын төлөөллүүд энэ үеэр зээлдэгчдэд тавьж байгаа шаардлагыг багасгах шаардлагатай. Мөн төрөөс тавьж буй шаардлага ил, тод байх, хүнд сурталгүй, цахим хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зээлдэгчдээ эрсдэлээс хамгаалах хяналтын тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудал чухал байгааг дурдав.