Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Жан-Себастьян Жак: Рио Тинтогийн үйл ажиллагаа Оюу Толгойгоор хязгаарлагдахгүй
2018-01-22

Рио Тинто (РТ) Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж  Улаанбаатар хотод шинэ оффис нээж байгаа талаар бид мэдээлсэн билээ. 

Энэ тухай РТ компаниас гаргасан хэвлэлийн мэдээнд:

"РТ групп Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, тус дахь үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Улаанбаатар хотод шинэ оффис нээж байгаа бөгөөд 2018 оны турш тус газрыг ная гаруй монгол ажилтантай болгож өргөжүүлнө. Энэхүү шинэ оффис нь тус группын хайгуулын хөтөлбөр, технологийн төвд дэмжлэг үзүүлж, Монгол дахь бүх түншлэгч талуудтай харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Дөлийн Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдоод буй бөгөөд тэрбээр РТ-ийн шинэ оффисыг удирдах юм. Тэрээр “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торресийн багтай уялдаатай ажиллах болно.

“Оюу толгой” ХХК-иас ангид байрлах тус шинэ оффист РТ-ийн Монгол дахь геологи хайгуулын баг болох “Рио Тинто Экпслорейшн” (Ар-Ти-Икс) болон РТ-ийн  Мэдээллийн систем, технологийн багийн Монгол дахь салбар болох “Монголиа Дэливэри Цэнтр” (Эм-Ди-Си) байрлах болно. 

“Монголиа Дэливэри Цэнтр” нь Рио Тинтогийн олон улс дахь үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх юм" гэжээ. 

Улаанбаатар хотод шинэ оффис нээж байгаатай холбогдуулан  РТ-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Монгол Улсад ажиллахаар хүрэлцэн ирээд байна. 

 РТ-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак:

“Монгол Улс нь Рио Тинтогийн хувьд стратегийн ач холбогдол бүхий зах зээлүүдийн нэг бөгөөд бид урт хугацаанд үйл ажиллагаа явуулах болно. 

Бид 2010 оноос хойш Монгол ажиллагсдын цалин, бараа, ажил,үйлчилгээ худалдан авалт, орон нутгийн хөрөнгө оруулалт зэргээр Монголд нийт 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт 1.5 тэрбум ам.доллар төлсөн.

Монгол дахь ашигт малтмалын эрэл хайгуул, Рио Тинтогийн дэлхий даяарх үйл ажиллагаанд технологийн үйлчилгээ үзүүлдэг нэгж болон олон талт хамтын
ажиллагаагаа бэхжүүлэх үүднээс Монгол удирдлагатай шинэ оффис байгуулсан нь Рио Тинто Монгол дахь үүрэг амлалтаа улам гүнзгийрүүлж байгаагийн илрэл юм.

Дэлхийн шилдэг зэс, алтны уурхайнуудын нэгийг цогцлоон байгуулж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд нэн хэрэгцээтэй эрдэс материалыг нийлүүлэх
тал дээр Монгол Улстай түншилж буй нь бидний хувьд бахархлын хэрэг. 

Ийнхүү шинэ оффис нээж байгаа нь Рио Тинтогийн Монгол дахь хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа зөвхөн Оюу толгойгоор хязгаарлагдахгүйг харуулаад 
зогсохгүй, манай группийн Монгол болон дэлхийн бусад орон дахь үйл ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсаар ирсэн монгол ажиллах хүчний өндөр ур чадварыг илтгэж буй хэрэг юм. 

Ялангуяа Рио Тинтогийн дэлхий даяарх мэдээллийн систем, технологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг “Монголиа Дэливэри Цэнтр”-ийн хамт олныг энд дурдах нь зүйтэй. Бид Монгол дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээрээ, дэлхий даяарх манай бизнесийн нэгжүүдийг удирдах ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхийн сацуу Монголчуудын оюуны нөөц чадавхийг дэлхийн бусад улстай холбох гүүр болж байна. Энэ бол яах аргагүй харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэр юм” гэжээ.

РТ-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдоод буй  Д.Мөнхтүшиг:

“Монгол Улсын итгэлт түнш болохоор зорьж буй энэхүү компанийн хамт олны нэг болж буйдаа баяртай байна. Рио Тинто нь Оюу толгойгоор дамжуулан Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтаа урт хугацааны бат бэх түншлэл болгон хөгжүүлэхээр чармайж байна. Цаашид Рио Тинтогийн зүгээс манай улсад улам бүр нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж, чиглүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж буйдаа таатай байна” хэмээн хэллээ.

Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байсан.

Тэрбээр Рио Тинтогийн Монгол дахь өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, оролцогч талуудтай хамтран ажиллахын зэрэгцээ Улаанбаатар дахь Рио Тинтогийн оффисын захирлаар ажиллах юм.

Эх срувалж: ikon.mn