Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед татвар төлөгчдийн эрүүл мэнд, орлогыг эрсдэлээс хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал-аас дараах хуулиудыг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд:
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ НЬ:
1. Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон цахим төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ нь тайлант хугацаанд түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас их байвал илүү гарсан хэсгийг татварын хөөн хэлэлцэх хугацаанд багтаан дараагийн тайлант хугацаанд шилжүүлэн эдэлж болно.
2. Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн өмнөх татварын жилд олсон орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, дараах орлогод ногдуулан тайлагнасан албан татварыг чөлөөлнө.
- бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
- техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
- үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4,-т заасантай адилтгах бусад орлого,
- хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний орлого,
- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;
- Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого,
- хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсний орлого,
- төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого
- биет бус хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлснээс олсон орлого,
Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг гүйцэтгэж байгаа албан татвар төлөгчийн хувьд уг ажилтай холбоотой олсон орлогод дээрхи чөлөөлөлт хамаарахгүй.
Албан татвар төлөгч нь хуульд заасан дээрхи хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдахгүй байх эрхтэй.
ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ НЬ:
Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсөн.
Дараах орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлөхгүй байхаар тусгасан Үүнд:
- Төрийн албан хаагчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
- Төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;
- Гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, тус ажлыг хийж гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд ажилладаг хувь хүний зөвхөн уг ажилтай холбоотой олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого.
Албан татвар төлөгч энэ хуульд заасан татварын чөлөөлөлтөд хамрагдахгүй байх эрхтэй.
2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлнө.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС