Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Х.Баттулга: Төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч хавар гэхэд тодорхой шийдэлд хүрмээр байна
2018-01-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МҮЭСТО-нд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Энэ нь Төрийн тэргүүний Монгол Улсын иргэдтэй хийх уулзалтын эхлэл бөгөөд ойрын хугацаанд нийгэм, улс төр, утаа, тэтгэвэр, иргэдийн өр, зээл зэрэг бүхий л асуудлын хүрээнд аймаг, дүүргийн иргэдтэй санал солилцож, уулзалт хийхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэн тэргүүнд Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан “Амралтын өдөр цаг, заваа зарцуулан ирсэнд баярлалаа. Сонгуулийн халуун өдрүүдээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах тодорхой асуудлууд ярилцаж байгааг мэдэж байгаа байх. Өнгөрсөн есдүгээр сард урьдчилаад “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” зохион байгуулсан. Гэвч утаа ирэхэд бид бэлтгэлгүй хэвээрээ л байлаа. Хүнсний аюулгүй байдлын асуудлаар ч гэсэн чуулган зохион байгуулж, ямар ч хяналтгүй, хамгаалалтгүй хүнс хэрэглэж байгаа нь хүнсний аюулгүй байдал улсын хэмжээнд анхаарах асуудал болсон гэдгийг ч хөндөн, ярилцлаа. Эдгээр нэн чухал сэдвээс гадна  ажлын байрыг олноор бий болгодог оёдлын салбарын асуудал, эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор “Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт зөвлөгөөн, “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш”зэрэг сэдэвт уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулсан” гэж дурдаад Чингэлтэй дүүргийн иргэдтэй хийх уулзалтаа албан ёсоор эхлүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар ахмадууд, эмэгтэйчүүд, залуус, ажилгүй иргэдийн төлөөлөл түүнтэй зэрэгцэн индэрт сууж, санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхний хэсэгт Чингэлтэй дүүргийн иргэдэд хандан:

“Монгол Улс 1990 оны хувьсгалаар ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг сонгосон. Үүнээс хойш бид 28 дахь жилтэйгээ золгож байна. Хүн ам 3.1 сая хүрч, малын тоо толгой 66 сая хүрч байна. Ажилгүйдлийн түвшин маш өндөр байдаг ч буурдаггүй, дөрвөн жилээр Засгаа сольдог ийм л улс боллоо. Харин өнөөдрийн хамгийн том бухимдал утаа учраас уулзалтаа Улаанбаатараас эхлүүлж байна. Цагаан сар дөхөөд ирэхээр утааны асуудал мартагддаг учраас утаа их байгаа үед би хотын иргэдтэй уулзаж байгаа юм.

Одоо бидэнд шийдэл хэрэгтэй байна. Шийдэл гэдэг нь судалгаа гэсэн үг. Өнөөдөр энэ утааны асуудлыг шийдэх хэд, хэдэн алхам бий. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам сийрэг. Гэсэн ч хүн амынх нь олонхи нийслэлдээ төвлөрчихсөн байдаг. Бусад нь 330 сум, 21 аймагт амьдарч байна. Ингээд хөдөөнөөс сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот руу, хотоос Солонгос руу гэсэн нүүдэл бий болжээ. Өнөөдөр энэ нүүдлийг зогсоохгүйгээр хөгжил дэвшлийн талаар ярих, ажилгүйдэл, ядуурлыг багасгах ямар ч боломжгүй. Солонгос явж байгаа иргэд 2-3 сая вонны орлогод явж байна. Энэ нь монгол төгрөгөөр 4-6 сая төгрөгтэй тэнцэнэ. Бид энэ хэмжээний орлогыг давах ажлын байр бий болгож байж энэ нүүдлийг зогсооно” гэлээ.

Мөн “Бидэнд 60-66 сая мал бий. Нийт малынхаа 25 хувийг буюу 15 саяыг бид жил бүр зах зээлийн эргэлтэд оруулдаг. Энэ бол хөдөөгийн малчдын орлого. Жишээ нь, бид 15 сая мал эргэлтэд оруулна гэдэг бол 15 сая ширхэг арьс зах зээлд бий болно гэсэн үг. Харамсалтай нь, энэ арьсны 80-90 орчим хувь нь урд хөрш рүү түүхийгээрээ гардаг. Үүнийг боловсруулах ёстой.

Мөн малчид 9.5 мянган тонн ноолуур боловсруулдаг. Харамсалтай нь, эдгээр ноолуурын 80 орчим хувь нь мөн л түүхийгээр урд хөрш рүү гардаг. 16-20 орчим мянган тонн ноос мөн л цуглуулж байгаа ч боловсруулах үйлдвэргүй, махаа экспортолж чаддаггүй нөхцөл байдалтай байна. Боловсруулах үйлдвэрийн асуудлыг олон жил ярьж байж, 2010 онд УИХ-аар баталсан ч ажил хэрэг болоогүй. Хөдөөгийн хөгжлийг ярьж байж энэ нүүдлийг зогсоох ёстой юм. Мөн ахуйг нь шинэчлэхээр алслагдсан 100 сумыг шинэчилж барья гэсэн ч хоёрхон сумыг шинэчлээд энэ ажил зогссон.

Улаанбаатарт ажилгүйдэл мөн л өндөр байгаа. Доод орлого хоёр сая төгрөг байвал Улаанбаатараас-Солонгос гэсэн нүүдэл зогсоно. Энэ хэмжээний цалинг өгөхийн тулд том, том төслүүдийг хөдөлгөх ёстой. Дэд бүтцийн томоохон төслүүд гэхэд л төмөр зам, авто зам, шинээр баригдах хотууд гэсэн төсөл, хөтөлбөрүүд бий. Иймэрхүү 8-10 том төсөл бий. Эдгээрийг хэрэгжүүлэхдээ ажлын байр бий болгож, ажилгүй иргэдээ ажилтай болгох ёстой. Гэтэл өнөөдөр гаднаас зээл авч төсөл хэрэгжүүлэхээр зээл өгсөн улс нь өөрсдийнхөө ажилчдыг ажиллуулаад бид өртэй л үлддэг. Тэгэхээр 9000 тонн ноолуур гэдэг маань тэр чигээрээ ажлын байр гэсэн үг л дээ. Ноолуураа өөрсдөө авна, түүнийг боловсруулаад, цамц үйлдвэрлэнэ. Энэ бүх дамжлага бүгд ажлын байр бий болгох ёстой юм. Ингээд МСҮТ-ийг ажилд оруулж нас, насанд нь тохирсон ажлын фронт бий болгох хэрэгтэй. Ажлын байр бий болохгүй байгаа учраас ажилтнаа бэлдэж чадахгүй байна.

Үүний хажуугаар залуусыг Үндсэн хуульд заасны дагуу цэрэгт татаж, 1-3 жилд цэргийн эрдмээр хичээллэхээс гадна хос мэргэжилтэй болж бүтээн байгуулалтын ажилд оролцоё. Энэ хугацаандаа цалингаа дансандаа авч, халагдахдаа цалингаа бөөн авъя. Энэ хөтөлбөрүүдийг УИХ 2010 онд баталчихсан юм. Эдгээр асуудлаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй уулзсан. 250 мянган ажилгүй иргэдийг 50 хувиар бууруулъя гэдэг саналаа маш тодорхой хэлсэн байгаа” гэж томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар саналаа хуваалцлаа.

Түүнчлэн “Одоогийн УИХ 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал нэрээр тараасан. Өгсөндөө багагүй хэмжээний авч байгаа хүндээ юм болохооргүй тийм л мөнгө. 55 тэрбум төгрөг гэдэг ядарсан эдийн засагтай энэ улсад их мөнгө. Нэг цэцэрлэг нэг тэрбумаар барихад л 55 цэцэрлэг барих мөнгө. Гэвч, 300 мянган төгрөг болгоод тарааснаар энэ мөнгө Эрээний зах руу л явж байгаа. Тэгэхээр ийм бодлогогүй үйл ажиллагааг удаа дараа шүүмжилж байгаа.

Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна. Нөхөр нь цагдаа, гэр бүлийн хүн нь эмч байхад л зээлээ төлөөд байж чадна шүү дээ. Иймэрхүү тооцоо, судалгааг нь хийсэн олон шийдэл бэлэн байгаа” гэлээ.

Мөн дагуул хотуудын талаарх асуудлыг иргэд сонирхож байсан тул “Богд уулын өвөрт буюу Шинэ нисэхтэй холбоотойгоор дагуул хот байгуулж, нэг метр квадрат нь нэг сая орчим төгрөгөөр зарагдах орон сууц барих боломж байна.  Жишээ нь, “Эрэл” компани хямд өртөгтэй угсармал орон сууцны үйлдвэр оруулж ирсэн байна. Сарын 500 мянган төгрөгийн орлоготой байхад орон сууцанд орох хэмжээний боломжийг орон сууцны шинэ үйлдвэрүүд бий болгож байна. Төр захиргааны байгууллагууд, зарим яамдаас  эхлээд хотын төвөөс нүүгээд гарах, ажиллтнуудад нь зориулсан орон сууц барих гэх мэтээр төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч хавар гэхэд тодорхой шийдэлд хүрмээр байна” гэлээ.