Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллага /FATF/-ын хурал энэ жил Францын нийслэл Парис хотод болж байна. Энэ хурлаар Монгол Улс саарал жагсаалтад орох эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд эцсийн шийдвэрээ аравдугаар сарын 18-ны баасан гарагт танилцуулах юм. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсад ямар асуудал тулгарах талаар УИХ-ын гишүүн, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллагын эгнээндээ 39 орныг нэгтгэсэн. Манай улс энэ байгууллагын үндсэн гишүүн биш. Тэгэхээр энэ хурлаар онцгойлон авч хэлэлцэх зүйлд Монгол Улсын асуудал байхгүй. ОХУ, БНХАУ-ын тайлангийн тухай яригдана. Манай асуудал өмнө нь яригдсан. Өнгөрсөн есдүгээр сард ФАТФ-аас томилогдсон хяналтын баг Хонгконгод ажиллахдаа манай асуудлыг авч үзэж, манай улсаас Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг эрх бүхий байгууллагын төлөөллүүд оролцон ажиллаж, хэлэлцээрүүд хийгдсэн. Энэ талаар Монголбанк, Сангийн яам, УИХ-ын даргад мэдээлэл ирсэн байх учиртай.
-Саарал жагсаалтад орвол улс орны эдийн засагт ихээхэн хохирол учрах талаар нийгмийн сүлжээгээр идэвхтэй хэлэлцэж байна?
-Саарал жагсаалтад орох асуудалд энэ жил нийтээрээ анхаарал тавьж байгаа нь нэг талаар сайн хэрэг. Манай улс саарал жагсаалтад 2011 онд ороод, 2014 оны хоёр сард Монголын баг хамгаалалт хийгээд, зургаадугаар сард албан ёсоор саарал жагсаалтаас гарч байна. Энэ үед манайхан бараг мэдрээгүй, мэдээгүй өнгөрсөн.
-Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн ямар хязгаарлалтуудад орох вэ?
-Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн заалт байхгүй. ФАТФ нь дэлхий нийтээр мөнгө угаах, терроризмтой тэмцэхийг тунхагласан байгууллага. Энэ бодлого зарчмаа улс гүрнүүдэд санал болгодог. Энэ бодлогод ямар хэмжээгээр оролцохоо харуулж буй хэрэг. Монгол Улс 2014 онд саарал жагсаалтаас гарсан бүх улс гүрнийг эргэн хянадаг. Тэгэхээр 2017 оны хяналтын дараа одоо яригдаж байгаа дөрвөн асуудлыг гаргаж ирсэн юм билээ.
Сайжруулах шаардлагатай дөрвөн шаардлагад:
- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах;
- Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргасан байх;
- Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах;
- Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх үйлдлийг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах гэсэн чиглэл багтжээ.
Эдгээр асуудлыг шийдвэрлэж дуустал хяналтын саарал жагсаалтад байна гэсэн үг. Саарал жагсаалтад орсноор ийм хориг тавина гэх албан ёсны зүйл байдаггүй. Гагцхүү Монгол Улс эдийн засгийн интеграцчилалд орсон энэ үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд ороход яах аргагүй энэ жагсаалтад орсон эсэхийг хардаг. Гэхдээ саарал жагсаалтад орсноор улс орны эдийн засаг гацаанд орж, бүх зүйл хүндэрнэ гэж байхгүй. Хэрэв саарал жагсаалтад оруулбал асуудлуудаа богино хугацаанд шийдвэрлэх гарцуудыг олж, аль болох бага эрсдэл амсаж гарахын төлөө ажиллах хэрэгтэй.
Манай дотоодын банкиуд гадаад дахь банкиудаар дамжих гүйлгээ сүүлийн 4-5 жилд маш их хумигдаж байгаа. Энэ нь саарал жагсаалттай шууд холбоотой асуудал биш. Манай банк, санхүүгийн зах зээл жижигхэн, савлагаатай, тогтворгүй байна. Энэ нь гаднын банкиудын зардлыг өсгөж, ашиггүй болж буй бизнесийн харилцааны шалтгаануудаас болоод хумигдаж байгаа. Саарал жагсаалтын шалтгаан нэг хүчин зүйл мөн боловч үндсэн том шалтгаан биш.
Монгол улс 2007 онд манай улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг анх баталсан. Одоо хуулиа сайжруулах хэрэгтэй, хууль хэрэгжүүлэх явцад алдаа дутагдал гарч байсан учир 2011 онд анх саарал жагсаалтад орж байсан. Одоо дахин саарал жагсаалтад орвол энэ асуудлыг хурдан, эдийн засагтаа хүндрэл авахгүйгээр яаж давах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллах хэрэг гарна гэв.