Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 9 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг өргөн барилаа. УИХ-аас жил бүр төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг баталдаг. Үүгээр Монголбанкнаас тухайн жилд үнийн тогтвортой байдлыг хангах, банк, санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэтгэх чиглэлд боловсруулж, хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлдог билээ. 2020 оны Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг сөхөж харвал, Үндсэн чиглэлийг батлах тогтоолын төслөөсөө эхлээд л урд өмнөхөөсөө илүү онцлогтой байх бөгөөд улс орны өмнө сорилт болж буй томоохон ажлуудыг хамтран хэрэгжүүлж, даван туулах талаар дурджээ.
1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн 2.1-д “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг авч, олон улсын холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах” хэмээн тусгасан байна.
2017 оны байдлаар Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 50 хувьд нь хангалтгүй үнэлгээ авсан. Мөн үр дүнтэй байдлын 11 зөвлөмжөөс нэг ч зөвлөмж хэрэгжээгүй гэх муу үнэлгээ авснаар “Эрчимтэй хяналт”-д орсон билээ. Эрчимтэй хяналтын хугацаанд манай улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо олон улсын байгууллагын зөвлөмжид нийцүүлж чадахгүй бол “Саарал жагсаалт”-д орох эрсдэлтэй. Өнгөрсөн хугацаанд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, хууль хяналтын байгууллагууд хамтран Монгол Улсын үнэлгээг ахиулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр багагүй ажил хийсэн. Үр дүнд нь урьдчилсан байдлаар Монгол Улс хангалтгүй байсан ФАТФ-ын 20 зөвлөмжөөс 15-ыг нь ахиулж, үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээс 7-г нь биелүүлсэн гэх аж.
Гэхдээ саарал жагсаалттай холбоотой шидвэр ирэх 10 дугаар сард Парист болох ФАТФ-ын нэгдсэн уулзалтаар эцэслэн гарна. Үнэлгээний үр дүн хэрхэн гарах, Монгол Улс саарал жагсаалтад орсон ч, ороогүй ч Монгол Улсын төрийн бүхий л шатны байгууллагууд цаашдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, олон улсын шаардлагад нийцүүлэх талаар хамтран ажиллах ёстой гэдгийг Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд тусгаж өгсөн. Түүнийг УИХ-ын тогтоолоор баталж байгаа нь яах аргагүй онцлог болж буй билээ.
2. Болзошгүй өрийн хүндрэлийг даван туулахад одооноос бэлдэх
Монгол Улсын гадаад өр 29.7 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг төв банкнаас зарласан. Үүнээс Засгийн газрын гадаад өр 7 орчим тэрбум ам.доллар, төв банкны гадаад өр 1.8 тэрбум ам.доллар байна. Ирэх 2020 онд Монгол Улсын Засгийн газар томоохон дүнтэй төлбөр төлөхгүй. Харин 2021 оноос өр төлбөрүүдээ төлж эхлэх хуваарьтай байна. Гадаад валютын өнөөгийн нөөцийг харвал 4 хүрэхгүй тэрбум ам.доллар буюу гадаад өрийн эргэн төлөлтийг хийхэд хангалтгүй. Мөн дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор гадаад зах зээл дээр түүхий эдийн үнэ буурах, ам.долларын ханш чангарах зэрэг нөлөөллөөр Монгол Улсын экспортын орлого буурч болзошгүй байна. Ийм нөхцөлд гадаад өрийг даван туулах нэгдсэн шийдлийг одооноос тодорхой болгох, бүхий л шатандаа хуримтлал үүсгэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын реформуудаа тууштай үргэлжлүүлэх нь чухал байна.
Энэ утгаараа Төрийн мөнгөний бодлогыг батлах УИХ-ын тогтоолын төслийн 2.2-д “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дунд хугацаанд хадгалах, гадаад өр, төлбөрийг шийдвэрлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах”, 2.3-д “Төв банкны гадаад өрийн хэмжээг бууруулж, Монгол Улсын гадаад валютын цэвэр нөөцийг тууштай нэмэгдүүлэх” гэж тусгажээ.
3. Инфляцийг 8 хувь орчимд тогтворжуулж, макро зохистой бодлогыг үргэлжлүүлнэ
Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн тэргүүн заалт буюу Төв банкны хийх ёстой хамгийн чухал ажил нь инфляцийг тогтворжуулах. Төв банк 2020 онд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх жилийн инфляцийг 8 хувьд барина. Харин дунд хугацаанд буюу 2021 оноос хойш үүнийг 6 орчим хувьд тогтворжуулахаар зорьж байна. Ингэхийн тулд Мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан эрэлтийн гаралтай суурь инфляцитай тэмцэхээс гадна макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийг үргэлжлүүлэн тууштай авч хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ гэж үзэж буй аж.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монголбанк макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийг өр орлогын харьцааны үзүүлэлт болон хугацаагаар хязгаарласан. Ингэснээр банкны систем, тэр дундаа иргэдийн хэрэглээний зээлээр өдөөгдсөн импортыг бууруулсан нь үнийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлсэн. Нөгөөтэйгүүр макро зохистой бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, санхүүгийн хямрал тохиоход өрхүүдийн даван туулах чадварыг бэхжүүлсэн хэмээн төв банк үзэж байна.
Инфляци хэт нам эсвэл өндөр байх нь эдийн засгийн тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчин, цаашлаад өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Улс орон бүрийн хөгжлийн үе шатны ялгаатай байдлаас хамааран эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах инфляцийн түвшин харилцан адилгүй байдаг. Манай улсын хувьд энэ чиглэлээрх судалгаа ховор боловч Монголбанкны тооцоолсноор 7-8 орчим хувь байдаг. Инфляци энэ хэмжээнд байхад эдийн засгийн өсөлтийг тэтгэгдэхийн сацуу иргэдийн орлогод сөрөг нөлөө үзүүлэхгүй байх боломжтой гэсэн үг. Хамгийн гол нь дунд, урт хугацааны инфляцийн тогтвортой байдлыг хангаснаар эдийн засаг сууриараа тэлэх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх, иргэдийн амьжиргаа тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монголбанк инфляцийг нэг жилээр бус 1-3 жил буюу дунд хугацаанд тогтворжуулахаар төлөвлөдөг билээ.
4. Финтек компаниудыг дэмжиж, банкны хяналт, шалгалтын стандартыг улам сайжруулна
Шинэ тутам хөгжиж буй финтек компаниудын үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох талаар 2020 оны мөнгөний бодлогын Үндсэн чиглэлд мөн тусгалаа. Монголбанкнаас 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг батлуулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд цахим мөнгөний шинжийг хуулиар тогтоож, анхны цахим мөнгө гаргагч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон гэх зэргээр финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжсээр ирсэн. Гэхдээ цаашид ч энэ чиглэлийн хууль, эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.
Үүнээс гадна банкны хяналт шалгалт, зохистой засаглалтай холбоотойгоор оруулсан чухал заалтууд байна. Тодруулбал, банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, олон нийтийн хяналтыг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ. Мөн банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах арга хэмжээг авна. Түүнчлэн 2017 оноос эхэлсэн банкны салбарын эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.