Шинэ оны эхэнд миний бие сэтгүүлч, судлаач, шинжээч хэдэн хүнтэй буу халав. Юу эс ярих билээ, ам уралдуулахад ямар мөнгө зарах биш. Эхлээд мэдээж нийслэлийн утаа, тэгээд шинэ хэрэгжих татварын хууль, түүнээс үүдэлтэй дарамт, дараа нь мэдээж сүүлийн үед орой бүр аль ч мэдээллийн хэрэгслээр хөндөгдөх болсон Эрдэнэтийн “наймаа”, шинэ Засгийн царай зүсийг хүртэл шүүж халуурав аа. Яриа ид өрнөж байтал телевизороор Оюутолгойн уурхайг зогсооно гэж Уул уурхайн дэд сайд Д.Загджав мэдэгдсэн тухай мэдээлэл цацагдаж таарав. Мэдээж түүнийг өлгөж авалгүй яав гэж. Оюутолгой ч бид хэдийн дунд халуун сэдэв болж, мэтгэлцэн маргалдсаар шөнө дунд хүргээд гэр гэрийн зүг таксидав. Замын түгжрээнд муужирч, дээрх мэтгэлцээнд өртсөн зүрх минь савласаар гэртээ буулаа. Гэхдээ Оюутолгой гэгч “амьтан”-ы тухайд бодит үнэний эрэлд маргааш нь мордохоор шийдэж орондоо оров. Нам дугжирчээ.
Миний бие болбоос Оюутолгойг хэвлэл, мэдээллийн эх сурвалжаас гадарладаг, улстөрчдийн аман ярианаас л Рио-Тинто-г “арван таван толгойтой атгаалжин хармангас” гэж боддог төдий нэгэн. Интернэтийн “Блумберг мэдээ”-ний сүлжээгээр “Сино-СибирьКоппэр”(ССК)-оос гаргасан мэдэгдлийн тухай мэдээ хөвөрч байна аа. Дотор нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх Оюутолгойн уурхайн цогцолборын нийт хувьцааны 66 хувийг Хятад-Оросын хамтарсан ССК нэгтгэл худалдан авсантай холбогдуулан Оюутолгойн шинээр байгуулагдсан ТУЗ-ийн анхдугаар хурал ӨМӨЗО-ны Баяннуур хотод болов. ССК нь БНХАУ ба ОХУ-ын төрийн өмчит нэгтгэл учраас түүнд Бээжинг төлөөлж дөрвөн хүн, Москваг төлөөлж хоёр хүн тус тус сонгогдсон бөгөөд Оюутолгойн ТУЗ-ийн даргаар Жань Юнь ши, Гүйцэтгэх захирлаар Ван Минь Лю хэмээх эрхмүүд тус тус томилогдов. Уг хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гурван хүн оролцов. Ийнхүү уг уурхайн цогцолборт хөрөнгө оруулагч Рио-Тинто, Туркойз Хилл Ресурс компаниуд нутаг нутаг руугаа буцсан учраас Оюутолгой дээрх Их Британи ба Канадын төрийн далбаанууд БНХАУ болоод ОХУ-ынхаар тус тус солигдов. Чингэж орчин цагийн Монгол Улсын түүхэн дэх барууны хамгийн том хөрөнгө, технологи оруулалтын өмчийн эрх шилжлээ. Харин Лондонгийн Хөрөнгийн бирж дээрх Рио-Тинто компанийн нэгж хувьцааны үнэ 54.60 ам.доллараас 102.25, Туркойз Хилл Ресурсынх Торонтогийн хөрөнгийн бирж дээрх нэгж хуьцааны үнэ 4.33 канад доллараас 12.15 хүртэл тус тус өсөв гэсэн үг, өгүүлбэр уншигдав. Би цочиж сэрээд алмайрав. Д.Загджав сайдын мэдэгдлээс хойш 24 цаг ч өнгөрөөгүй байсан хэрэг. Өмнөх үдшийн мэтгэлцээний уур амьсгал, өнгө аяс хийгээд бухимдал улам ч лавшрах шиг. Тамхи асаалаа, кофе чаналаа. Хонгилд хөлчүү хүмүүс шуугин нойрыг минь бүрмөсөн хулжаав. Компьютерээ асааж Рио-Тинто, бас Оюутолгойн цахим хуудсыг нээлээ. Тэнд нам гүм. Манай Уул уурхайн яамных ч дүлий дүмбэ оргино. Зүүд байжээ. Ямартай ч Оюутолгой маань хөдлөөгүй бололтой. Ашгүйдээ гэж бодогдох шиг. Тэгмэгцээ уг компаний тухай тойм мэдээг татаж сонирхов. Тэднийх өнөөдөр 13000 орчим ажиллагсадтай бөгөөд түүнийх нь 94 хувь нь монголчууд, тэдгээрээс 20 хувь нь Өмнөговь аймгийн иргэд аж. Үлдсэн хэсэг нь өндөр чадвартай гадаад мэргэжилтэн нар юм байна. Эдгээрийн 47 хувь нь Гүний уурхайн барилга, бүтээн байгуулалт дээр хөдөлмөрлөж байгаа ажээ. Тэгэхлээр Оюутолгой нь эдүгээ бараг УБТЗ-тай дүйхүйц тооны ажиллагсадтай, Эрдэнэт болоод “МСS” группынхээс бараг хоёр дахин илүү тооны ажлын байртай болж таарах нь. Оюутолгой бол нас сүүдрийн хувьд хамгийн залуу нь шүү дээ. Түүнчлэн 2016 оны хувьд хамгийн том татвар төлөгч болжээ. Мөн 2010-2017 оны гуравдугаар улирлыг дуустал үндэсний худалдан авалт, татвар хураамж, цалин шимтгэл зэрэгт нийт 6.7 тэрбум ам.доллар заржээ. Энэ нь, 2010 оноос хойш өдөр тутам 2.6 сая ам.доллар зарсан гэсэн үг. Мөн 2017 оны эхний гурван улиралд дотоодын худалдан авалтанд нийт 234 сая ам.доллар түүний дотор Өмнөговь аймгийн хэмжээнд 62 сая ам.доллар тус тус зарцуулжээ. Харин 2018 онд батлагдсан тус аймгийн төсөв нь бараг 171 тэрбум төгрөг болж байгаа юм. Оюутолгой нь 2018 онд тус аймагт хийх худалдан авалтдаа ийм хэмжээний ам.доллар төлөвлөсөн нь өнөөдрийн ханшаар бодоход дээрх тоотой бараг ойролцоо очих нь. 2020 оны дундуур Гүний уурхайн эхний ээлж ашиглалтад ороход ил уурхайтайгаа нийлээд 1.8 орчим зэсийн баяжмал экспортлох аж.
Оюутолгой ХХК нь эдүгээ тав дахь жилдээ ӨМӨЗО-оос цахилгаан импортолж байгаа гэнэ. Үүнд зарагдсан нийт өртгөөр 450 мв хүчин чадалтай дулааны нэг цахилгаан станц барих боломжийг алдсан гэсэн үг. Цахилгаан саатах, тасрах бол яана. Хилийн цаана манай Ханбогдтой ижилхэн говь нутаг. Тэнд угалз салхи мэт байгалийн гамшигт үзэгдэл гарч эрчим хүчний үйлдвэр саатах эрсдэл ч бий. За тэгээд хилийн боомтын янз янзын зовлон, зам харгуйн зүдэргээ, үргэлж өсдөг татвар хураамж, урд нутгийн Баянннуур аймгийн эрх баригчдын ааш араншин гэх мэт түмэн дарамт шахалтыг Оюутолгойн экспорт “туулдаг” гэнэ. Ингэхээр Оюутолгойн хувьд үйлдвэрлэл, бизнесийн ашгийн талаас нь авч үзвэл Баяннуурт суурьших нь бараг дээр ч юм шиг. Зүүд минь ийнхүү гуниглалаар солигдож элдвийг ургуулан бодсоор үүр айлгав. Миний зүүд хэрэгжвэл Монголд бүртгэлтэй ч Оюутолгой ХХК нь дээрх Баяннуур хот руу нүүх аваас хамгийн түрүүнд нийслэл хотын шилэн барилгууд хоосорч таарна. Тэгээд нийт ажиллагсдынх нь 94 хувь орос, хятад мэргэжилтнээр солигдож, үлдсэн хэсэг нь монголчууд болох нь. Харин манай Засгийн газар бол төмөр зам, цахилгаан эрчим хүчээр хангах зэрэг үүрэг хариуцлагаас мултарч санаа амрана. Тэгээд Ханбогдод барихаар төлөвлөж буй Зэс хайлуулах үйлдвэртээ Оюутолгойн баяжмалыг дээрх ССК-аас гуйх нигууртай учирна. Өмнөговьд хийдэг Оюутолгойн жил тутмын 70-90 сая ам.долларын худалдан авалт хил давж одно. МИАТ, Хүннү-Эйр болоод Аэромонгол авиакомпаниуд Оюутолгой руу нисэх хэрэггүй болно. Шунхлай, НИК, Магнай трэйд нь Оюутолгой руу бензин тос тээвэрлэх зүдгүүрээс салж, оронд нь хилийн цаанаас шатахуун дамжуулах хоолой орж ирнэ. Үндэсний цементийн үйлдвэрүүд Оюутолгойгоос сална. Ханбогд сумын шинэлэг суурьшил задран сарниж, тэндэх аж амьдралын өнгө цагийн аясаар өөрчлөгдөнө. Эдгээр нь зөвхөн зарим жишээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, түүний засаглал нь хоёр хөршийн төрийн мэдэлд шилжиж, Хятад-Орос-Монголын харилцааны асуудал болж хувирна. Энэ нь ч хоёр хөршийнхөө хүсэл эрмэлзлэлийг хангаж байвал дэлхий бидэнд падгүй хэмээдэг эх орончдын хувьд “загатнасан газарт нь маажих” хувилбар биз. Рио Тинто ч гэсэн Монголоос эртхэн хагацсандаа алгааташиж, гуяа алгадан баярлаж одох нь мэдээж. Бид ч хоёр хөршдөө мегауурхайгаагаа даатгаж, өөрсдөө жинхэнэ ардчилсан нийгэм, нээлттэй эдийн засгаа хөгжүүлэх боломж, завтай болно биз.
Гэхдээ дэлхийд хаагдаж, мартагдана гэхээс гуниглал улам зузаарав. Өнгөрсөн XX зууны эхний 90 жил тиймэрхүү байсан түүхтэй. Уул нь эдүгээ дэлхий хавтгайрч, эдийн засаг улам даяаршиж буй цаг. Үүнийг уншигчдын зарим нь намайг Рио-Тинто, эсвэл Оюутолгойн “бууны нохой” гэж хараана. Бурхан багш, аав ээжээ өмнөө барьж тангараглая. Би эх орондоо хайртай, сэтгүүлч мэрэгжилдээ үнэнч эгэл нэгэн иргэн. Ажил албандаа хир буртаг суулгаж, удам судрынхаа нэр төрийг сүүдэртүүлэх хүмүүжил надад байхгүй. Оюутолгойд хайртайдаа зүүдлээгүй. Харин манай эдийн засгийн тусгаар тогтнолд байр сууриа донжтой эзэлж буй энэхүү томоохон төслийн хувь тавиланд зовних шалтгаан олгосон зүүд, ургуулан бодолт, түүнээс төрсөн гуниглалаа зүгээр л хуваалцсан минь энэ. Зарим зүүд үнэн бодит болох юмсыг, зарим нь хийсвэр зүйлсийг зөгнөдөг шүү дээ. Тэгээд манайхан сайн зүүд гэж билэгшээж, эсвэл муу ёрын зүүд гэж сэжиглэдэг. Аль нь болохыг монголчуудын амны хишиг л мэдэх хэрэг.