Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Д.Ган-Очир: Макро эдийн засгийн бодлогуудаа тууштай хэрэгжүүлэхи шаардлагатай
2019-09-23

Мөнгөний бодлогын хорооны шийдвэр, эдийн засгийн цаашдын төлөв, сорилтуудын талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор Д.Ган-Очиртой ярилцлаа.

Монголбанк бодлогын хүүг 11 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Инфляци өндөр байгаа үед бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан шалтгаан юу вэ?

- Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргахдаа дотоод, гадаад олон хүчин зүйлийг харгалзан үзсэн. Үүн дотроо төв банкны үндсэн чиг үүргийн хүрээнд инфляцид голлон анхаардаг. Гэхдээ өнөөдрийн инфляци гэхээсээ илүү ирээдүйн инфляцийг тогтвортой байлгахад Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэр зорьдог. Яагаад гэвэл мөнгөний бодлогын хүрээнд өнөөдөр авч байгаа арга хэмжээ тодорхой хугацааны хоцрогдолтойгоор эдийн засгийн идэвхжил, инфляцид нөлөөлдөг. Монголын хувьд багадаа 3 улирлын дараагаас нөлөө нь эхлээд, 6 улирлын дараа хамгийн өндөр нөлөө илэрдэг гэх судалгаа бий. Өнөөдрийн хувьд инфляци 8.9 хувьд хүрээд байна. Үүний 3 орчим хувь нь зөвхөн махны үнийн өсөлтөөс үүдэлтэй. Мөн 1 орчим хувь нь хатуу түлш, шатахууны үнийн өсөлтөөс бий болсон. Өөрөөр хэлбэл, 4 нэгж хувь буюу 8.9 хувийн инфляцийн бараг тал нэгж хувь нь нийлүүлэлтийн шинж чанартай, түр зуурын инфляци байгаа юм. Бидний тооцоогоор инфляци 10 дугаар сараас эргэж буураад, оны төгсгөл рүү зорилтот түвшин болох 8 хувь руу буурна. Түүнээс цааш инфляци 7-8 орчим хувьд хадгалагдана гэсэн тооцоотой байна. Нөгөө талаас гадаад орчны хүчин зүйлсийг харахад тодорхой бус байдлууд өндөр, тэр тусмаа төлбөрийн тэнцэл рүү орж ирэх сөрөг шокууд хүлээгдэж байна. Энэ нь валютын ханш сулрах дарамтыг нэмэгдүүлнэ. Энэ бүхнийг харгалзан үзэхэд бодлогын хүүг бууруулах орон зай байхгүй. Нэг ёсондоо мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах нь эдийн засгийн өсөлтийг 7 хувиас бууруулахгүйгээр инфляцийг зорилтот түвшин болох 8 орчим хувьд хадгалахаар байгаа тул тус шийдвэрийг гаргасан. 

2020 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд өрийн удирдлагын асуудлыг нэлээд чухалчилсан байсан. Ялангуяа ирэх 2021 оноос нэлээд хэдэн бондын төлбөрүүд төлөгдөнө. Мөн Хятадын ардын банкны 2 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацаа 2020 онд дуусч байгаа. Эдгээр төлбөрүүдийг яаж шийдвэрлэх боломжтой гэж Та харж байна вэ?

- Ирэх 2020 оны төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл нь 3 том зорилтот төвлөрч байгаа. Эхнийх нь 2020 оноос эхлэн тулгарах гол сорилтуудаа шийдвэрлэх, хоёрдугаарт, одоо үргэлжилж байгаа хууль эрх зүйн болон бусад шинэчлэлүүдээ үргэлжлүүлэх, гуравдугаарт, банк, санхүүгийн салбарын хувьд ирэх 4 жилд хийгдэх ёстой реформуудыг эхлүүлэх. Таны хөндөж байгаа асуултын хувьд эхний зорилтод хамаарах буюу 2020 оноос эхлэн бид бүхэнд тулгарч байгаа гадаад өр төлбөрийн асуудал юм. Ирэх онд жишээ нь Засгийн газрын баталгаа гаргасан бондын эргэн төлөлт тавдугаар сард хийгдэнэ. Наймдугаар сард төв банк хоорондын мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хүрээнд авч ашигласан свопын эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудал бий. Төв банкны байр суурь бол гадаад валютын нөөцийн өнөөгийн байдал, гадаад сөрөг шокууд хүлээгдэж байгаа зэргийг харгалзан ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад өр, төлбөрүүдийг дахин санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Монгобанкнаас Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг дахин 3 жилээр сунгах асуудлыг тавиад, хэлэлцээ эхлээд явж байна. Бид энэ хэлэлцээр амжилттай үргэлжилж, хугацааг сунгах боломжтой гэж үзэж байгаа. Засгийн газрын гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд мөн эхэлнэ. Үүн дээр ч бас нөхцөлийг нь дордуулахгүйгээр дахин санхүүжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. Үүний тулд бид зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байх шаардлагатай. Энэ хүрээнд валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга баттай холбоотой асуудлууд, гаднаас авсан эх үүсвэрүүдийн үр ашигтай ашиглалт зэрэг асуудалд анхаарах ёстой. Эдгээрээс гадна хамгийн чухал нэг асуудал нь Монгол Улсын цаашдын бодлого, арга хэмжээнүүд нь зөв зүг рүүгээ явж байна уу, үгүй юу гэдгийг гадны хөрөнгө оруулагчид анхааралтай ажигладаг. Түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, авсан амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх ёстой. Олон улсын байгууллагуудтай хамтраад бодлогын реформуудаа үргэлжлүүлэх нь өрийн асуудлыг шийдвэрлэх, нөхцөлийг дордуулахгүйгээр дахин санхүүжүүлэх боломжийг илүү нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. 

Монголбанкнаас гадна Сангийн яам ч бас өрийг дахин санхүүжүүлэх байр суурьтай байсан. Тэгэхээр хамгийн сүүлд Гэрэгэ бонд гаргахад 6.25 хувийн хүүтэй байсан. Шинээр бонд гаргавал энэ хүү хэр буурах боломжтой вэ?

- Мэдээж зах зээл үнийг тогтооно. Гэхдээ 2016 оноос хойш Монголын эдийн засгийн байдал бүх үзүүлэлтээрээ дээшилсэн. Валютын нөөц нэмэгдсэн. Засгийн газрын гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 56 хувьд хүрч буурсан. Зээлжих зэрэглэлийн байгууллагуудын хардаг гол макро үзүүлэлтүүд сайжирсан. Энэ үр дүнгээ дордуулахгүйгээр явбал, хүү буурах боломжтой. Хоёрдугаарт, глобал орчноо харвал дэлхий даяар нийт хүүнүүд буурах чиглэлтэй явж байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулж байна. Тэгэхээр бид бүхэн макро эдийн засгийн одоо хэрэгжүүлж буй бодлогуудаа тууштай хэрэгжүүлж, өр төлөх хугацаатай золговол хүү болон нөхцөлүүдээ сайжруулах боломжтой гэж харж байгаа.

ОУВС-ийн Удирдах зөвлөл дүрмийн 4 дүгээр заалтын дагуу дүгнэлтээ гаргасан байгаа. Энэ дүгнэлтээр ОУВС “Монголын эдийн засаг гадаад шок, эрсдэлээс хамааралтай хэвээр байна” гэж онцолсон байна. Үүн дээр хамгийн гол нь нүүрсний зах зээлийг хэлж байгаа байх. Энэ эрсдэлийг Монголбанк хэрхэн харж, дүгнэж, бодлогодоо тусгаж байгаа вэ?

- Бид бүхний харж байгаа гадаад эрсдлийг том зургаар нь авч үзвэл Хятад, Америкийн худалдааны маргаан. Энэ нь нэгдүгээрт, гадаад худалдааны худалдааны харилцан тогтоосон тарифын асуудал, хоёрдугаарт, юанийн ханшийн асуудал, гуравдугаарт технологийн салбар дах тэргүүлэлийн төлөөх өрсөлдөөн. Эдгээр маргаан дээр нэмэгдээд Америк-Иран хоорондын зөрчилдөөнөөс үүдэлтэй газрын тосны зах зээл дээр үүсэх эрсдэлүүд. Тэгэхээр глобал зах зээл дээрх үүсч буй эдгээр нөхцөл байдлыг өмнөх 2008 оны глобал эдийн засгийн хямралтай харьцуулаад харвал, өмнөх нь уналт нь эрэлтийн том сөрөг шокоос шалтгаалж байсан. Энэ удаад харин нийлүүлэлтийн шокуудаас шалтгаалахаар байна. Тэр дундаа нийлүүлэлтийн шокууд нь түр зуурын биш, байнгын шинж чанар, эрэлтэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогоор суурь шалтгаан нь эмчлэгдэхээргүй тай байгаа. Тэгэхээр бид бүхэн том зургаар нь харахдаа глобал эдийн засаг уналт руу явах нь. Энэ уналт богино хугацаатай байхгүй. Цаг хугацааны хувьд энэ нь Монгол руу яг өдий, төдийд орж ирнэ гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ орж ирнэ. Ингэхдээ 3 сувгаар орж ирнэ. Эхнийх нь валютын ханшийн суваг. Тодруулбал, юанийн ханш харьцангуй сул байх төлөвтэй байна. Энэ нь Монголын Хятадаас авдаг импортын үнийг харьцангуй бууруулаад, импортын эрэлтийг өдөөж өгнө. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр сөрөг нөлөө үзүүлнэ. Хоёр дахь гол суваг нь юанийн ханшийн сулралтын санхүүгийн суваг юм. Монгол Улс юаниар илэрхийлэгдэх өртэй. Тэгэхээр юанийн ам.долларын эсрэг сулралт нь гадаад өрийн ам.доллараар илэрхийлэгдэх дүнг тодорхой түвшинд бууруулна. Тэгэхээр юанийн ханш буурч байгаа хугацаанд бид өрөө төлж чадвал тодорхой түвшинд ашигтай гарах боломжтой. Гуравдугаарт, хамгийн гол суваг нь таны хэлж байгаа суваг буюу түүхий эдийн үнэ, эрэлтийн суваг. Монгол Улс гадаад зах зээлийн түүхий эдийн үнээс нэлээд өндөр хамааралтай хэвээр байна. Тэгэхээр эрдэс түүхий эдийн эрэлтийн сөрөг шок нь эхэн үедээ харьцангуй бага байх буюу Хятадын гангийн үйлдвэрлэлийг дагасан эрэлт хадгалагдана. Харин үнийн шок нь одоо эхэлж байна. Тэгэхээр төлбөрийн тэнцлээр дамжаад валютын ханш руу орж ирэх дарамт нэмэгдэж байна. Манай эдийн засгийн идэвхжилд нөлөөлөх нь цаг хугацааны л асуудал. Энд онцлоод хэлэхэд, цаг хугацааны хэзээ гэдгийг хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл глобал орчинд тодорхой бус байдлууд өндөр байна. Гэхдээ бид одооноос бэлтгэх хэрэгтэй.

ОУВС-ийн дүгнэлтэд гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх төлөвтэй байна гэж дурдсан байсан. Нэгэнт уул уурхайн салбарын талаар ярьж байгаа учраас таны бодлыг сонсмоор байна. Юу гэхээр Засгийн газраас  уул уурхайн лицензүүдийг цуцлах шийдвэрийг нэлээд огцом гаргаж байгаа. Энэ нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх бол?

- Гадаад шоктой хамааруулаад ярихад хөрөнгө оруулалтын орчинд орж ирж байгаа сөрөг шокууд бага биш болчихлоо. Өөрөөр хэлбэл, бид бүхний жилийн өмнө, эсвэл 6 сарын өмнө урьдчилж хараагүй, шинэ шокууд орж ирж байна. Эхнийх нь, Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл 16-30 сараар хойшилж эхлэх, гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын капитал зардал  1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Энэ бүхэн мэдээж төлбөрийн тэнцэл дээр нэг төрлийн шок болж байгаа. Нөгөө талаас дотоодын уул уурхайн салбар, дотоодын хөрөнгө оруулалтын бүтцийг аваад үзвэл эдийн засгийн өсөлтөд оруулж байсан хувь нэмэр харьцангуй өндөр явж байсан. Гэтэл хамгийн сүүлийн мэдээгээр ч тэр, дотоодын хөрөнгө оруулалтын дүн нэлээд буурсан үр дүнтэй байна. Энэ сааралт үргэлжлэх томоохон эрсдэлүүд ч нэмэгдэж байна. Эдийн засаг энэ удаагийн мөчлөгийнхөө оргил үед одоо л ирээд байж болзошгүй байна. Үүнээс цааш эдийн засгийн өсөлт нэмэгдэх бус ерөнхийдөө буурах чиглэл рүүгээ хазайх нөхцөл нь дотоод, гадаад хоёр хүчин зүйлсээр хавсран бий болж байна. Тийм болохоор бид бүхэн мөнгөний бодлогын мэдэгдэлдээ бүх секторын хувьд эрсдэл даах нөөц, хуримтлал хөрөнгийг одооноос бий болгох хэрэгтэйг сануулж  байгаа. Үүнийг сүүлийн 2 улирлын мөнгөний бодлогын мэдэгдэлд анхааруулж байна.

Бэлтгэл хангахтай холбогдуулаад асуухад, банк санхүүгийн салбарын реформоо үргэлжлүүл гэдэг шаардлагыг ОУВС-аас тавьж байгаа. Үүнийг хийгдэхгүй саатсанаас болж, дараагийн шатны санхүүжилтүүд гацаж байх шиг байна. Тэгэхээр одоо ямар шинэчлэл, өөрчлөлт хүлээгдэж байна вэ?

-  Банкны салбарт нэлээд том хэмжээний, цогц шинэчлэл, хяналт зохицуулалт, шалгалтын арга хэмжээнүүд 2017 оноос хойш үргэлжлээд, хийгдэж байгаа. Бид бүхэн үүнийг саатал гэхээсээ илүү удаашрал гэж харж байгаа. Гол асуудлын хувьд Та бүхний мэдэж байгаачлан активын чанарын үнэлгээгээр зарим банкуудад өөрийн хөрөнгийн дутагдал үүссэн. ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдал 7 банкинд илэрсэн. Үүнээс 6 банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Нэг нь нэмэгдүүлж чадаагүй. Ингээд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй банкинд Банкны тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Зургаан банкны өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн асуудалд эх үүсвэрийн гарал, үүслийг тодруулах, Монголын хууль, дүрэм журамтай нийцтэй байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэдгийг ОУВС-аас тавьсан. Тиймээс магадлан баталгаажуулахд аудитыг банкуудад оруулсан. Энэ аудитын дүгнэлт эхнээсээ гарч байгаа. Энэ дүгнэлт дээр үндэслээд ОУВС-тай хамтраад энэ банкуудад хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. ОУВС, Монголбанкны хувьд энэ төлөвлөгөөг хоёр талаасаа тохиролцож чадсанаар холбогдох арга хэмжээнүүд хэрэгжээд явна. Энэ тохиолдолд харьцангуй удаашралтай гэж байгаа 6 дугаар шатны үнэлгээ хийгдэнэ гэсэн ойлголцолтой байгаа. Монголбанкнаас арга хэмжээний төлөвлөгөөгөө шуурхай гаргах, түүний дагуу холбогдох арга хэмжээг ОУВС-тай зөвшилцөх ажил дээр төвлөрч байна.

ОУВС-ийн дүгнэлттэй холбогдуулаад бас асуухад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд интервэнцийг хязгаарлах хэрэгтэй гэж үзсэн байгаа. Энэ нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлогод яаж нөлөөлөх юм бол?

- Үүнийг ОУВС-ийн Монгол дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн байр суурь гэж ойлгох хэрэгтэй. Мэдээж гадаад шоконд өртөмтгий, гадаад сөрөг шок орж ирэх үед дотоод эдийн засгаа уналтанд оруулахгүйгээр, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд валютын ханш дээр ачааллыг авах ёстой гэдэг эдийн засгийн онолын суурь ойлголтууд байдаг. Энэ агуулгаараа гарсан ОУВС-ийн дүгнэлтүүд бий. Гэхдээ Монголын эдийн засгийн суурь хөрсийг авч үзвэл засгийн газрын гадаад валютын цэвэр позиц буюу валютын актив, валютын өглөгийг харвал хасах дүнтэй байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гадаад өр 7 гаруй тэрбум ам.доллар байна. Активыг нь аваад үзвэл бараг 0 гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газар нь 7 тэрбум ам.долларын  хасах позицтой. Аж ахуйн нэгжүүдийнх мөн л хасах. Монголбанкны хувьд эерэг байгаа ч гэхдээ өр бий. Зарим өрхүүдэд бас л хасах позицтой. Тэгэхээр валютын ханшийг хэт хүчтэй сулруулбал, миний сая хэлсэн эдийн засгийн секторуудад шууд сөрөг шок болж очихоор байгаа юм. Энэ нь тухайн секторууд хөрөнгө оруулалтаа хийх, санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах боломжийг нь хаана, өрийн дарамтыг нэмэгдүүлнэ. Энэ утгаараа валютын ханшийн огцом, хүчтэй сулруулах нь тэдний балансаар дамжаад тус салбаруудад сөрөг нөлөө үзүүлнэ гэж хараад дундын хувилбаруудыг барьж байгаа. Гэхдээ ханшийг тогтвортой барих бус, алгуурхан гадаад шокийн сөрөг нөлөөг шингээх замаар валютын хөвөгч ханшийн дэглэмийг цаашид баримтлаад явна.

 

Эх сурвалж: Блүүмбэрг ТВ