Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ) хамтран “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй “Санхүүгийн мөчлөг” болон “Макро зохистой бодлого” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-“Санхүүгийн мөчлөг ба хямрал” сургалтын талаар мэдээлэл өгнө үү?
Монголбанк 1999 онд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-нд гишүүнээр элссэнээс хойш хамтарсан сургалт, судалгаануудад идэвхтэй оролцож ирсэн байдаг. “Санхүүгийн мөчлөг ба эдийн засгийн хямрал” сэдвээр Улаанбаатарт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн сургалтад 10 төв банкны 30 орчим мэргэжилтэн оролцлоо. Багш нарын хувьд ЗӨАТБХ (Seacen Centre), Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны туршлагатай экспертүүд хичээл зааж байна. Тус сургалтаар Азийн орнуудын төв банкны мөнгөний бодлого, хяналт шалгалт, макро зохистой бодлогын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд сүүлийн үеийн академик судалгаанууд, тооцооллын арга техникуудтэй танилцаж, санхүүгийн мөчлөгийн аль үед ямар бодлогын арга хэмжээ зохистой талаар үзэж байна.
-Худалдааны маргаан гүнзгийрч, дэлхийд дахин нэг эдийн засгийн хямралын эрсдэл нэмэгдэж буй энэ үед сургалтын сэдэв анхаарал татаж байна. Санхүүгийн мөчлөгт анхаарал хандуулж буй шалтгаан юу вэ?
- Эдийн засгийн хямрал гэдэг зүйл судлаачид, бодлого боловсруулагчид нарын хувьд хамгийн чухал, анхаарах ёстой нэг асуудал байдаг. Учир нь хямралын үеэр хөрөнгө оруулалт хумигдаж, олон хүн ажилгүй болж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, 1929 оны Америкийн Их хямралаас эхлээд, 1980-аад оны Латин Америкийн орнуудын хямрал, 1997 оны Азийн хямрал, хамгийн сүүлийн жишээ гэхэд 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралыг нэрлэж болно.
Иймд эдийн засгийн хямралын шалтгаан юу вэ, түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу, хямрал боллоо ч хэрхэн хохирол багатай, хурдан даван туулах вэ гэдэг нь чухал асуудал байсаар ирсэн. Тэгвэл санхүүгийн мөчлөгийн хувьд, 2008-09 оны хямралаас хойш нэлээд эрчимтэй судлагдаж байгаа сэдэв юм.
Учир нь тус хямрал өөрөө санхүүгийн мөчлөгийн бодит эдийн засагт үзүүлэх нөлөөг дутуу үнэлсэнтэй ихээхэн холбоотой. Тухайн үед макро эдийн засгийн бодлогоор бизнесийн мөчлөгийг амжилттай удирддаг боллоо гэж үзэж байсан. Хөгжсөн орнуудад ажил эрхлэлт сайн, инфляци нам дор, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, өсөлт тогтвортой байсан бол хөгжиж буй орнуудын хувьд ч түүхий эдийн үнэ таатай, экспорт нь нэмэгдэж эдийн засаг нь хурдтай тэлж байв.
Гэтэл эдийн засгийн глобальчлал гүнзгийрэхийн хэрээр илүү нягт холбогдсон олон улсын санхүүгийн системд эрсдэл хэрхэн хуримтлагдаж, яаж тархаж болохыг –академик эрдэмтэд ч тэр, бодлого зохицуулагч нар ч тэр –дутуу тооцоолсон байв.
Эдийн засаг тэлж, бизнесийн мөчлөг эерэг үед эрсдэл бага гэж үзэж байсан ч, чухам энэ үед санхүүгийн системд том эрсдэл хуримтлагсдан. Америкийн моргежийн зах зээлээс эхтэй шок үүсэхэд дэлхийн санхүүгийн системд том савлагаа үүсгэж, цаашлаад бодит эдийн засагт маш хүчтэй нөлөөлсөн нь 2008-09 оны дэлхийн хямрал юм. Тухайн үед Монголын эдийн засаг ч уг хямралын нөлөөгөөр хүндрэлд орж, ОУВС-гийн Стэндбай хөтөлбөрт орж байсан.
-Санхүүгийн мөчлөг гэж яг юуг хэлж байна вэ, бизнесийн мөчлөгөөс юугаараа ялгаатай вэ? Мөчлөгтэй холбоотой ямар гол сорилтууд байна вэ?
- Гол ялгаа нь бодит эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэх макро статистикууд ямаршуу байгааг шинжилж байна уу, эсвэл санхүүжилийн нөхцөл байдал болон хөрөнгийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг тооцоолж байна уу гэдэгтэй холбоотой. Ердийн бизнесийн мөчлөг хувьд эдийн засагт үйлдвэрлэл, үйлчилгээ хэр идэвхтэй өрнөж буйг харуулдаг үзүүлэлт гэж хэлж болно. Үүний хүрээнд ДНБ-ийн бодит өсөлт, мөн түүнчлэн хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэлийн идэвхжил, худалдааны салбарын борлуулалт, ажил эрхлэлт, орлогын өсөлт гэх зэрэг үзүүлэлтүүдийг авч үзэх нь түгээмэл.
Тэгвэл эдийн засагт оролцогчдын үйл ажиллагаа цаанаа санхүүжилттэй ихээхэн холбоотой байдаг бөгөөд санхүүгийн нөхцөл байдал ч мөн мөчлөгтэй байдаг. Жишээ нь компаниуд хөрөнгийн зах дээрээс хувьцаа эсвэл бонд хэлбэрээр санхүүжилт босгох боломж, иргэдийн авч буй хэрэглээний зээл, эзэмшиж буй хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ нь одоогийн санхүүгийн байдал болон цаашдын шийдвэр, үйл хөдлөлд нь чухал нөлөөтэй.
Энэ нь хэдийгээр мэдээжийн зүйл мэт санагдавч зээлийн өсөлт, бондын хүүгийн спред, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнийг ажиглаад, ямар нэг нэгдсэн дүгнэлт хийх нь амаргүй. Учир нь энэ өсөлт үнэхээр эдийн засаг хэвийн, сайн байгаагийн илрэл үү эсвэл хэт хурдтай, эрсдэлтэй зүйл үү гэдэг заагийг ялгах шаардлагатай учраас тэр.
Санхүүгийн байгууллагууд эдийн засаг сайн үед санхүүжилтийн нөхцөлөө хэт сулруулж, мөчлөг дагасан үйл хөдлөлтэй байдаг нь нэмэлт сорилтыг дагуулдаг. Тухайлбал, эрсдэл өндөртэй зээлдэгчид шалгуур багатай моргежийн зээл ихээр олгосон нь өмнөх хямралын шалтгаан болсон том сургамж байсан. Мөн санхүүгийн мөчлөг бизнесийн мөчлөгөөс урт бөгөөд, далайц өндөртэй байх нь түгээмэл тул 2 мөчлөг зөрөх үед сорилтыг бий болгодог.
Одоо дэлхийн гол эдийн засгууд түүхэн дэх хамгийн урт тэлэлтийн мөчлөгтөө яваа ч харьцангуй бага хүүгийн орчинд санхүүгийн маш зөөлөн нөхцөлөөр үүнийг дэмжиж буй. Бизнесийн мөчлөг унахад санхүүгийн нөхцөлийг үргэлжлүүлэн сулруулах уу, энэ нь ирээдүйд санхүүгийн байгууллагуудын ашигт ажиллагаа, хөрөнгийн хөөсрөл болон өрийн тогтвортой байдалд илүү том эрсдэлийг хуримтлуулах уу гэдэг нь том асуулт юм.
-Санхүүгийн мөчлөгийг далайц багатай байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад олон улсад макро зохистой бодлого түгээмэл хэрэглэгдэж байна. Монголбанк макро зохистой бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Санхүүгийн мөчлөг, макро зохистой бодлого зэрэг нь дэлхийн хэмжээнд ч харьцангуй шинэ сэдэв. Иймд мөчлөгийг хэмжих арга техникүүд, уналт ойрхон байгааг илэрхийлэх урьдчилсан дохиоллын индикаторууд болон санхүүгийн систем хэр эмзэг байгааг хэмжих стресс тестийн арга барилыг хөгжүүлэх нь чухлаар тавигдаж байна. Монголбанкны хувьд, 2018 онд Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр макро зохистой бодлого хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
Улмаар мөчлөгийн болон бүтцийн шинж чанартай эрсдэлийг удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг нэвтрүүлэх стратегийг боловсруулаад хэрэгжүүлээд явж байна. Мөн олон улсын шилдэг арга барилыг судлах, техник туслалцааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, зарим төв банкуудын туршлагыг судлах зэрэг ажлууд хийгдлээ.
Хэрэгжүүлж буй бодлогын хувьд, банкны системийн хэмжээнд зарим зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд болон хэрэглэгчид суурилсан өр орлогын харьцаа, зээлийн хугацаа зэрэг хэрэгслүүдээр дамжуулж бодлогын арга хэмжээг авсан. Тухайлбал, төгрөгийн болон валютын зээлийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ялгаатай тогтоосон, төгрөг болон валютын зээлийн эрсдэлийн жинг ялгаатай тогтоосон, мөн хамгийн сүүлд хэрэглээний зээлийн өр орлогын харьцаа болон хугацаанд дээд хязгаар тавьсан зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Мөнгөний бодлогоор эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн зэрэгэцээ, бодлогын хүүгээр нөлөөлөхөд хүндрэлтэй эрсдэлүүд, тухайлбал балансын долларжилт болон валютын зөрүү, хэрэглээний зээлийн хэт хурдтай өсөлт гэх мэт эрсдэлийг хуримтлуулахгүй байлгахад чиглэсэн арга хэмжээ юм. Ингэснээр банкны системийг эрүүл байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилготой. Хэрэглээний зээл дээр тавьсан хязгаарлалтууд нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах давхар агуулгатай.
-Хэрэглээний зээл, тэр дундаа тэтгэврийн зээлийг хязгаарласан гээд шүүмжлэлд ямар тайлбар өгөх вэ?
Макро зохистой бодлого нь зарим талаар захиргааны шинж чанартай, зүйрлэвэл “гашуун эм” мэт санагдах ч эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд зайлшгүй гэдгээрээ онцлог. Хэрэглээний зээл дээрх хязгаарлалтыг “одоо бүгдэд таалагдах зүйл биш боловч, ирээдүйд эдийн засагт хэрэгтэй арга хэмжээ” гэдэг өнцгөөс харах нь зүйтэй болов уу. Банкны эх үүсвэр зөвхөн хэрэглээ, импортыг л санхүүжүүлээд байх нь тийм ч оновчтой биш. Ханшийн сулралтын дарамтыг үүсгэхээс гадна ажлын байр бий болгох бизнесийн хөрөнгө оруулалт, цаашлаад урт хугацаанд эдийн засгийг төрөлжүүлэх нь асуудалтай болно.
Хэдийгээр хэрэглээний зээлийн эргэн төлөлт одоо сайн байгаа ч, цаашид өрхийн өр хэт нэмэгдсэн тохиолдолд зээлийн чанар муудах эрсдэл бий. Энэ нь банкны салбарт эрсдэл гэсэн үг. Мөн зээлээр санхүүжиж буй хэрэглээ хумигдахад бодит эдийн засгийн салбаруудын борлуулалт дагаад хурдтай агших эрсдэлтэй.
Тэгэхээр банкны салбарын тогтвортой санхүүгийн зуучлал талаасаа ч, өрхийн өрийн дарамт болон эдийн засгийн тогтвортой байдал талаасаа ч эрсдэлийг үүсгэж байсан учраас авсан арга хэмжээ юм. Богино хугацаанд зээл хурдтай өсөөд, эргээд огцом агших нь эдийн засагт сайн биш. Харин аль болохоор тогтвортой байх нь чухал.
-Ярилцсанд баярлалаа!
Эх сурвалж: times.mn