Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
“Чуулган завсарлахаас өмнө шийдвэртэй алхам хийхгүй бол засгийг огцруулах тэмцэл өрнүүлнэ”
2018-01-10

АН-ын бүлгээс татварын нэмэгдэл, агаарын бохирдол, Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан шаардлага хүргүүлэхээр болжээ.

Уг шаардлагадаа “МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Таны амьдралын үе шат бүрд зориулсан бодлогыг хэрэгжүүлж, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ” хэмээн тунхагласан. “Бид чадна” хэмээн амлаж байсан МАН-ын Засгийн газар ОУВС-гаар халхавч хийн тооцоо судалгаагүй есөн төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг АН шаардаж байна. Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин нэмсэн нь зургаахан хувьд хүрч байсан дундаж давхаргыг татан унагалаа. Онцгой албан татвар нэмэгдсэнээр шатахууны үнэ литр тутамдаа 100-200 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, инфляц нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал улам газар авлаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар МАН-ын удирдлага “Бид дорвитой ажил хийж чадахгүй”, танай Засгийн газрын гишүүн "Утаа ихэссэн нь үнэн ч хортой нөлөө нь багассан” зэргээр мэдэгдэж, ард түмнийг илтэд доромжилж байна. АН-ын санаачлан хэрэгжүүлж байсан гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, иргэдийг орон сууцжуулах Ипотекийн найман хувийн, таван хувийн зээл, гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэсэн хугацааг уртасгах зэрэг үр дүнтэй ажлуудыг тасралтгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар агаарын бохирдлын улмаас зөвхөн Улаанбаатар хотод жилд 3700 хүн амь насаа алдаж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон чанарын үзүүлэлтээс 25 дахин их байгаа нь хүн амьдрах боломжгүй гэдгийг нотолж байна.

Үндсэн хууль нь засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэрийг зохист харьцаанд хадгалсан, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмээ цогцлоох, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулан Монгол Улсын оршин тогтнохын үндсийг бүрдүүлсэн эрх зүйн суурь баримт бичиг билээ. Харамсалтай нь МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж баталгаажуулахаар улайран төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгааг эсэргүүцэж байна. Үндсэн хууль нь ард түмэн, төр хоорондын суурь харилцааг зохицуулах дээд хууль мөн тул суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бүх нийтээр хэлэлцүүлэн ард нийтийн санал асуулгыг явуулан хэлэлцэх нь төрийн ёс зүйд нийцнэ.

УИХ-ын чуулган завсарлахаас өмнө буюу 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дээрх албан шаардлагатайгаа холбогдуулан мэдээлэл хийлээ.