Өмнөх Мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон намын дарга асан УИХ-ын дарга М.Энхболд нарыг “Миний болон гэр бүлийнхний минь амь насанд заналхийлсэн, тагнасан чагнасан” хэмээн шүүх цагдаадаа тултал заргалдсаар “Би Ерөнхий сайд ч болно, намын дарга аа ч авна” хэмээсээр бүх л хүслээ гүйцэлдүүлсэн Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын сэнтийд суугаад гурван сар өнгөрч байна. Удахгүй түүний танхим 100 хоногт хийж амжуулсан ажлаа ард түмэндээ тайлагнах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар “Гарт мэдрэгдэж, нүдэнд харагдах” дорвитой шинэчлэл, ард түмний амьдралд өгөөжтэй зүйл хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ Засгийн газраас оруулсан саналын дагуу УИХ-аас хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулахаар болоод байгаа. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болов. Мөн ОУВС-ын шахалтаар тэтгэврийн насыг жилд зургаан сараар нэмж тооцохоор болсныг л ягштал ажил хэрэг болгож явна.
У.Хүрэлсүх зүтгэсээр Ерөнхий сайд болонгуутаа УИХ-ын чуулганы индэр дээрээс “Би ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг Ерөнхий сайд байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний хүчинд мөхөтсөн хууль цааз, төр, засагтаа ард түмэн гутаж байна. Ард түмэн ууртай байна. Бид чинээлэг дундаж давхрагыг бий болгоно. Би зөвхөн хуульд захирагдаж ажиллана. Би нэг зүйлээс айж байна. Би ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэсэн. Тэгвэл чинээлэг дунд давхаргыг үүсгэх бус гуравхан сарын дотор одоо байгаа дунд давхаргынхнаа татаж унагах бодлого баримталж эхэлсэн тул уул уурхайчид, төмөр замчид эхнээсээ тэмцээд эхэлчихлээ.
Гуравхан сарын дотор тараа таниулж эхэлсэн Ардын Засгийн газрын танхимын сайд нарт бага ч болтугай үнэлэлт дүгнэлт өгөөд үзье.
Танхимынх нь 15 сайдаас арай дөнгүүр ажиллаж байгаа таван сайдаас нь эхэлье.
Салбараа мэддэг сайд
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гайгүй идэвхтэй ажиллаж байгаа. Монголын хүн амын дийлэнх нь залуучууд. Тэр утгаараа ажилгүйдэлд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байдгаас Швейцарийн хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж байгаа "Залуучуудын хөгжил", "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслүүдийг залуучуудын хөгжлийг дэмжих, тэдэнд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд залуучуудад хүргэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон сайд С.Чинзориг нэлээн шаргуу хөөцөлдөж байгааг хэлэх ёстой. С.Чинзориг сайд өөрөө онцолж "Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийг идэвхжүүлсэний үр дүнд Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Илириа Дали цаашид эдгээр төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн нь багагүй ололт мөн.
Хамгийн зөв сонголт
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэл амтайхан Гадаад хэргийн яамыг толгойлох болсон ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр нүүр болж яваа цөөн хэдэн хүний нэг нь. Өнөөдрийн өндөрлөгөөс ард түмэн хамгийн зөв сонголт энэ байлаа гэх дүгнэлтийг хийх болсон нь сайшаалтай.
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн улстөр судлаач мэргэжилтэйн хувьд Монгол Улсын гадаад харилцааг энэ эрхэм л зөв чиглэлд оруулахгүй юм бол шинэ цагийн Монгол Улсын нэр хүнд тэр хэрээр унах нь дамжиггүй. Тэрбээр “Монгол Улсын гадаад бодлогын тулгуур үзэл баримтлал нь хоёр хөрштэйгөө уламжлалт найрсаг харилцаагаа гүйнзгийрүүлэх” хэмээн үндсэн чиг бодлогоо тодорхойлж ажилдаа орсон нь түүний эхний үйлдлүүдээс тодорхой харагдсан. Дашрамд өгүүлэхэд, түүн шиг бодлогоо тодорхойлсон сайд бараг л байхгүй гээд хэлчихэд буруудах зүйлгүй. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны арванхоёрдугаар сарын 3-5-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Монгол-Хятадын харилцаа болон харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал солилцож, өргөн хүрээний тохиролцоонд хүрч чадсан нь олзуурхууштай.
Мөн өнгөрсөн оны төгсгөлөөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотод хүрэлцэн очиж, Сайд нарын уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхдээ “Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсч байгаа”-гаа илэрхийлсэн нь Гадаад хэргийн сайдын хувьд зоригтой алхам байсныг тэмдэглэх ёстой.
Туршлагатай хууль тогтооч
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд УИХ-д дөрөв дэх удаагаа сууж байгаа туршлагатай хууль тогтоогчийн хувьд Батлан хамгаалах салбарыг ямар ч гэсэн гайгүй аваад явах байх гэсэн олны итгэл түүнийг цаг мөнхөд дагаж байгаа. Анх “Хэвлэлийн инженер хүн Батлан хамгаалах салбарыг яаж удирдаж чаддаг юм” гэж байсан олон нийтийн эсэргүүцлийг тэрбээр сүүлийн үед хийж байгаа ажлаараа бага ч болтугай цайруулж яваа гэж хэлж болно. Тэр баруун болон төвийн аймгуудад ажиллаж орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, батлан хамгаалах салбар дахь хууль, эрхзүйн шинэчлэл болоод бүтээн байгуулалт, нийгмийн хамгаалал зэрэг олон сэдвээр уулзалт ярилцлага хийсэн. Хийсэн ажлуудаас нь ач холбогдол өндөртэй нь гэвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагааны талаар ажил хэрэгч яриа өрнүүлж чадсан явдал. Өмнөх сайдын хувьд боловсрол тааруу, хэлний мэдлэг нь хүрэхгүй учраас ийм алхам хийхээс айдаг байсан биз. Тэгээд ч өөрийгөө төлөөлүүлж явуулсан нөхдүүд нь салбарын бус хувийн эрх ашгаа дээдэлж, элдэв мөнгө төгрөг нэхэн, өөрийн данс руу хийхийг шаарддаг байсан зэрэг нь Батлан хамгаалах салбарын нэр хүндийг олон улсад унагаж орхисон гэмтэй.
“Шударга байж мэднэ”
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаагийн талаар ард түмэн ийн ярих болсон байна лээ. Оны өмнө газрын дарга нараа суулгаж байгаад бут авсан байдал ард түмэнд таалагдсан хэрэг л дээ. Тэрбээр ажил хүлээж авсан даруйдаа Нийслэлийн Засаг дарга С.Батболдтой БСШУ-ны газрын дарга, удирдлагууд, Нийслэлийн удирдлагууд болон харьяа агентлагийн газрын дарга нар зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж, 2018 онд боловсрол, соёл, спортын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрт эхлүүлэх, газар чөлөөлөлт болон зураг төсвийн асуудал дээр байр сууриа нэгтгэх зэрэг бодлогын чанартай ажлуудыг нэлээн далайцтай эхлүүлсэн нь бусад сайд нараасаа нэг алхам түрүүлж яваа гэх дүгнэлтэд хүргэсэн. Түүнчлэн ажил хаялт зарлан тэмцэж эхлэхээр болоод байсан Монголын 50 мянга орчим багш нартай хэл амаа ололцож, энэ жилээс эхлэн багш нарт урамшуулалт шагнал олгохоор болоод байгаа нь Ц.Цогзолмаа сайдын төдийгүй У.Хүрэлсүхийн танхимыг ард түмэнд ажил хийх нь үү дээ, эд чинь гэх дүгнэлтэд хүргэсэн алхам байлаа.
Нарийлчихгүй л бол..,
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ салбарыг толгойлж эхлэхэд олон хүн “Гайгүй нөхрийг олоод тавьчихав уу даа” хэмээн харж байсан.Бас зарим нь нарийн хүн дээ. Нарийлчихгүй л бол ч.., хэмээсэн. УИХ-ын гишүүд дундаа гайгүй шударгад тооцогддог Ц.Даваасүрэн сайд ихээхэн хэл амтай Эрчим хүчний салбарын сайдын ажлаа хөдөө, орон нутгуудын цахилгаан станцуудтай танилцах, эрчим хүчний үнийн зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээс эхэлсэн. Түүний санаачлагын үрээр гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны хэрэглээг хөнгөлсөн нь Улаанбаатарын утааг тодорхой хэмжээгээр бууруулахад үүргээ гүйцэтгэж байгаа нь тодорхой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын 15 сайдаас Монголын нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл болон тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа зэрэгт нь үнэлгээ өгөхөд дээрх таван сайд арай дөнгүүр үнэлгээ авах болов уу. Одоо үлдсэн 10-ынх нь талаар сөхье.
Хор шартайгаар үзэж байгаа нөхөр
Түүнийг Сангийн сайдад яригдаж эхлэх үед юу болсныг уншигчид мартаагүй байгаа. Талцаад л. Мань эр туниж гүйгээд л. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хамгийн их хэл амтайгаар Монгол Улсын сангийн авдрын эзэн болсон нөхөр. Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг талаас Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засагт ирэх дарамт буурсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилт болох 38.6 сая ам доллар тун удалгүй орж ирсэн. 2016 онд эдийн засгийн өсөлт 1.2 хувь байсан бол, 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 хувь болж өсч байгааг Валютын сангийн удирдлагын зүгээс харгалзан үзээд хоёр дахь шатны санхүүжилт болох 79.1 сая ам доллар Монгол Улсын сангийн авдарт орж ирэх нь тодорхой болоод байгаа. Харин энэ мөнгийг захиран зарцуулж суугаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тухайд уул уурхайтай мөн ч муухай зууралдсан нэгэн. Түүний төрсөн ах нар болох Ч.Гантулга, Ч.Гансүх нар нутгийнхаа Бөхмөрөн сумын Хотгор Шандын уурхайг Солонгосчуудад юу ч бодолгүй хоёрхон сая ам.доллараар арилжиж орхисон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ноцтой баримт дэлгэж байсан цаг саяхан.
Гэтэл гэр бүлээрээ уул уурхайтай ноцтой байдлаар холбогдсон байж болзошгүй Ч.Хүрэлбаатар сайд Валютын сангаас тун ч өндөр шалгууртай орж ирсэн мөнгөөр туйлж эхэлсний тодорхой нотолгоо нь Засгийн газрын хуралдаан дээр загнаж зандарч байгаад хийсэн популизм болох төрийн 192 мянган албан хаагч тус бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгох шийдвэр гаргаж үүндээ 55 тэрбум төгрөг зарлагдчихаад сууж байгаа. Мөн192 мянган төрийн албан хаагч магадгүй хоёр гуравхан хоног идээд дуусгасан тэр мөнгөөр 40-45 цэцэрлэг барьчихсан бол Монголын ирээдүйд тун ч хэрэгтэй байсан нь маргаангүй.
Түүний яамны удирдан боловсруулсан 2018 оны улсын төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихдаа “УИХ Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,207,337.2 сая төгрөг, зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 7,710,777.6 сая төгрөг байхаар тооцож 2,503,440.4 сая төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.5 хувьд хүрсэн байна. Ийм хэт үрэлгэн 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт хориг тавьж байна” хэмээсэн нь Олон улсын Валютын сангаас Монгол Улсад дэндүү өндөр шалгууртай олгож байгаа зээлийн мөнгөөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар туйлж байгааг шулуухан хэлсэн байдаг.
“Эр бор харцага жигүүрхэндээ хүчтэй”
Ардын дууны эл үг мань Ц.Нямдоржид зориулсан юм шиг санагддаг. Хуулийн салбарт Нямка л хүчтэй байхгүй юм бол хэн хүчтэй байх билээ.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хувьд хамгийн сүүлд Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Хурцын томилгооны үед яах аргагүй Хууль зүйн сайд гэдгээ нотолж ноцтой баримтууд дэлгэн Монголын нийгмийг цочроогоод авсан. Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахад голлох үүрэг гүйцэтгэсэн ч тун удахгүй “Монголын зэс” корпорацийн нэхэмжлэлтэйгээр Арбитрын шүүхэд очих үед юу ярих, ямархуу байр суурьтай байх нь басхүү сонирхолтой.
Танигдахын төлөө гүйгээрэй, гүйгээрэй Цэрэнбат аа
Эл үгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад зориулж байна. Тэрбээр сүүлийн үед бас нэг жаахан популизм хийж түмэн олонд зүс царайгаа гайгүй сайн танилуулаад байгаа. Мань эр “Үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байгаа нь сайн хэрэг. Үүний тулд мэдээж зарим хэсэгт зуух тараах л байх. Худлаа яриад юу хийх вэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой олон төсөл хэрэгжүүлнэ” хэмээн гэнэтхэн харайн гарч ирэхэд нь л “Хөөх бас ийм сайд байдаг юм уу” гэж ирээд нүдээ эргэлдүүлсэн хүн олон. Цэрэнбат гэр хорооллын утааг бууруулна гээд л байгаа.Тэр хэрээр Засгийн газар мөнгө төсөвлөж л таарна. Харин хоёр жилийн дараа эрхэм Н.Цэрэнбат сайдыгаа “Баахан мөнгө цохисон” хэрэгт хутгачихгүй л байгаасай билээ.
Ашиг сонирхлын зөрчил ихтэй сайд
Уул уурхай, хүнд үйлвэрийн сайд Д.Сумьяабазар бас л “Ашиг сонирхлын зөрчилтэй” хэмээгдэж хэл амтайхан энэ салбарын сайд болсон нөхөр. Нээрээ ч түүнд уул уурхайтай холбогдсон багагүй сонирхол бий. Төрсөн дүү Д.Дагвадорж нь Архангай, Сэлэнгэ аймагт алтны уурхайтай тул Д.Сумьяабазар сайдад алсын төлөвлөгөө байж л байгаа. Сүүлийн үед тэрбээр дэд сайд Д.Загджавынхаа Оюутолгойн эсрэг зарлаад байгаа дайныг чимээгүйхэн дэмжээд яваа. Уг нь Оюутолгойн Монгол Улсад туйлын хохиролтой гэрээг сайжруулан засч дөнгөвөл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мөнхийн гавьяа болохсон. Гэхдээ Д.Сумьяабазар сайдын хувьд нэг анхаарсан зүйлдээ эцсийг нь хүртэл тууштай зүтгэдэггүй төрөлхийн гэмээр араншинтай учир тэр талаар найдаад бараг л “Санасны гарз” болно. Түүнд Оюутолгойтой зууралдаж суухаас өөрийнх нь нэр дээр явдаг Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхаа нийт активыг хэрхэн нэмэгдүүлэх талаар нухацтай бодох, дорвитой хөдлөх шаардлага байгаа нь тодорхой. Бас Оюутолгойн босоо амны тендерт санаархсан сураг байдаг. Тийм учраас сүүлийн үед Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирли тэргүүтэй төлөөлөгчдийг ойр ойрхон хүлээн авч уулзаж “Хариуцлагатай ил тод уурхай Монголд хөгжих ёстой” хэмээн ярьж байгаагийн ард Үндэсний хөрөнгө оруулалтын банкны маргаашийг харсан “Барбарос төлөвлөгөө” байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр, яамныхан нь “Энэ сайд хэзээ ч бодлого ярихгүй юм байна” хэмээх болсон байна лээ. Энэ ч бас үг шүү.
За ингэсгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайн муу ч амьтай голтой, ямар ч гэсэн ажлаа хийж байгаа нь мэдрэгддэг сайд нар дуусч байна. Гэтэл цаана нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гээд нөхдүүд бий. Бодвол тэд нэг юм ажлаа хийсэн болж л явдаг байх. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн амлаж байсанчлан “Шударга, ажил хэрэгчээр тухайн яамдаа удирдаж байгаа нь бараг л мэдрэгдэхгүй шахам гурван сар өнгөрөв. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тухайд тэрбум 200 сая төгрөгөөр нохойны хөшөө сүндэрлүүлчихдэг хосгүй авьяастай нэгэн тул ямар нэгэн юм сэдчихсэн л харайлгаж яваа нь ойлгомжтой. Харин өмнөх сайд П.Сэргэлэнгийн эхлүүлсэн олон шинэчлэлийг юу болгож яваа нь тодорхойгүй.
Тэгвэл сүүлийн 25 жилийн түүхэнд казакийн ард түмний төлөөлөл болж БХБ-ын сайдаар томилогдсон Х.Баделханы тухайд ганц хоёрхон удаа зурагтын дэлгэцээр хальт үзэгдэж “Иргэдэд ашиггүй, банкинд хэт ашигтай ипотекийн зээлийн журмыг өөрчилнө”гэж хэлчихээд л усанд хаясан чулуу шиг алга болсон.
Ийнхүү удахгүй 100 хоногийнхоо тайланг тавих Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим Монголын ард түмэнд асар өндөр хүлээлт үүсгээд ажилдаа орсон ч татвар нэмж, бензин шатахууны үнийг чөлөөлнө гэдгээ тунхагласнаас өөрөөр ард түмэнд итгэл, урам хайрласангүй. Уг нь нэг үеэ бодвол эдийн засаг сэргэж, гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.долларыг давсан ч маргаашийн итгэл найдвар харагдахгүйгээр барахгүй улам л алсарч байх шиг. Учир нь танхимынх нь ихэнх сайд ард олны хүлээсэн шиг ажилдаа эзэн болж, яамныхаа бодлогыг зангидаж төрийн яамны түвшинд ажиллаж үнэхээр чадахгүй байна.
Эх сурвалж: 24tsag.mn