Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Д.Жаргалсайхан: Төрийн мөнгийг хаана байршуулах вэ гэдгийг тодорхой бодлогоор зохицуулах хэрэгтэй
2019-04-17

“ДеФакто тойм” хөтөлбөр энэ удаад “Капитал” банкны дампуурлын асуудлыг онцоллоо.   

Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны зүгээс “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ үйл явцыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд хэдийнэ 1.5 жил өнгөрсөн байна. Нийт гурван жил хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд Монголын нийт банкуудад активын чанарын үнэлгээг хийсэн байгаа. Үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Үүний дагуу банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхийг үүрэг болгосон.  ОУВС-гийн хөтөлбөрийн гол зорилго нь Монголын санхүүгийн салбарыг сайжруулах гэсэн л зорилготой. Санхүүгийн салбар муу байгаагаас үүдэн эдийн засагт мөнгө хангалттай хүрэлцэхгүй, эдийн засаг нь хямраад байна гэж үзсэн. Тэгэхээр санхүүгийн салбарыг нь сайжруулъя гэсэн зорилготой хөтөлбөр юм. Банкуудад өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх шаардлага тавьсан. Капитал банк өөрийн хөрөнгөө нэмж чадаагүй. Тийм учраас татан буулгасан, ийм л үйл явц болоод өнгөрлөө.   

Банк татан буугдсан нь бусад хөрөнгө оруулагчид, арилжааны банкуудад ямар мессеж өгөх вэ?

-Хамгийн гол мессеж нь юу гэхээр энэ дампуурал өөрөө банк, санхүүгийн салбарт нөлөөлөхгүй. Системийн хэмжэнд 1 хувийг эзэлдэг банк учраас бүх банкны салбарыг хамрахгүй гэсэн үг. Хоёрдугаарт, Монголбанкны гаргасан шийдвэр юуг харуулж байна вэ гэхээр хуулиар тогтоосон бүх дүрэм, журмыг чанд мөрдөх ёстой юм байна шүү гэдэг мессеж бусад арилжааны банкинд очиж байгаа. Гуравдугаарт, Монгол Улсын төрийн мөнгө хаана байрлах вэ гэдэг том асуудал гарч ирж байгаа. Монгол Улсын төр нь төрийн сан гэсэн өөрийн банктай. Энэ нь арилжааны банк шиг биш, зөвхөн харилцах дансны үйл ажиллагаа явуулдаг. Тэндээ байршиж байгаа. Тэгвэл сангуудын мөнгийг хаана байршуулах вэ гэдэг асуудал. Арилжааны банкууд руу ийм том хэмжээтэйгээр очоод, хүү авч, ялангуяа удирдлагууд нь мөнгө хийнэ гэсэн онолоор явах юм уу. Нийтийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулахдаа ямар дүрэм, журам баримтлах вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Капитал банкинд төрийн маш их хэмжээний мөнгө байршиж байсан. Найдваргүй банкинд төрийн буюу ард түмний татварын мөнгийг байршуулсны хариуцлагыг хэн хүлээх вэ?

-Томоохон хэмжээний төрийн мөнгө орсон нь Монголбанкны өмнөх Ерөнхийлөгчийн үед орсон байна. Өмнөх Ерөнхийлөгч нь үүнд төдийлөн хяналт тавиагүй. Төрийн, нийтийн мөнгө аль нэг арилжааны банкинд очсон бол түүнийг монголбанк шалгаж л байх ёстой.

-Цаашдаа үйл явц хэрхэн өрнөх бол? 

-20 хүртэлх сая төгрөгийг даатгалаас өгөх хуультай. Хуулиар энэ банкны нийт хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувийг даатгасан. Үлдсэн 0.5 хувь буюу 20 саяас дээш хадгаламжтай хүмүүсийн хувьд 60 хоногийн дотор өргөдлөө өгөх ёстой. Түүнээс хойш 90 хоногийн дотор эрх хүлээн авагч хөрөнгүүдийг зарж, хуучин зээлүүдийг төлүүлнэ. Мөн зээлүүдийг шалгах хооронд чанаргүй болсон зээл нь хувьцаа эзэмшигчидтэйгээ холбоотой байна уу, үгүй юу гэдгийг харна. Хэрвээ холбоотой байвал, тэр хүмүүс дээр хөрөнгийн асуудал гарна. Яагаад гэвэл хувьцаа эзэмшигч буюу хамаарал бүхий этгээдэд өөрийн хөрөнгийн 5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр зээл олгоно гэсэн хуультай. Энэ банкны хувьд хамгийн том хувьцаа эзэмшигч нь өөрөө гүйцэтгэх захирал хийж байсан учраас ийм асуудал гарах магадлал өндөр байна. Хэрвээ өөрсдөдөө хамаарал бүхий этгээдэд их хэмжээний зээл олгосон байвал хохирлыг төлүүлэхдээ энэ компанийн эздийн хөрөнгө рүү орно гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа.