Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас санаачлан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран анх удаагаа амжилттай зохион байгууллаа.
МУИС-ийн Хууль зүйн сургууль нь 2016, 2017, 2018 онд Иргэний эрх зүй, Арилжааны эрх зүйн талаарх улсын болон олон улсын хэмжээний хурлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн хурал нь эдгээр арга хэмжээний үргэлжлэл болж байгаагаараа онцлогтой. Монгол Улсын хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хуульч, судлаачдын зүгээс анхаарал хандуулж, тусгайлан судалж байсан явдал хангалтгүй байгаа бөгөөд практикт ч хэрэглэгчдийн эрхийг хамгаалах асуудал учир дутагдалтай байгаа юм.
Иймд энэ удаагийн хурлаар салбарын судлаач, эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж, Монголбанк, ШӨХТГ-ын зүгээс өөрсдийн хэрэгжүүлж ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.
Тус хуралд ХБНГУ-ын Байротын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Бернд Канновски, Япон улсын Нагояагийн Их сургуулийн багш Накамура Ёшитака нар оролцож өөрсдийн орны туршлагаас хуваалцсан юм. Цаашид хэрэглэгчийн эрхийг хамгаалах тал дээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зүгээс хамтран зохион байгуулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.