Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сангийн яаманд ажиллахдаа татварын нэмэгдэл болон, шатахууны үнийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Татвар нэмэгдсэн тухай асуудал ард иргэдийн бухимдуулж байна. Сангийн сайд бид нар энэ асуудлаар ярилцаж байгаа. Сангийн сайд энэ асуудлаар ОУВС-тай эргэж ярилцъя гэж байгаа. ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирэх ёстой. Тэр үед нь татварыг нэмэхгүй байх ямар арга байгаа талаар ярилцаж, ямар нөхцөл, боломж байгааг судалж үзнэ гэсэн байр суурьтай байгаа.
У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд долоо төрлийн татварыг нэмчихсэн юм биш шүү. УИХ-ын 2017 онд гаргасан шийдвэр. Бас шатахууны үнэ өсөх хандлагатай байгаа. Худлаа яриад яахав. Шинэ Засгийн газар өнгөрсөн аравдугаар сараас хойш шатахууны үнийг тодорхой хэмжээнд барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ ханш өсч байгаа.
Үүнийг дагаад шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд ашиггүй, алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тиймээс Засгийн газар зах зээлийн хуулийн эсрэг шатахууныг үнийг барина гэсэн ойлголт байхгүй гэдгийг ний нуугүй хэлье” хэмээлээ.