Аль ч улсын Засгийн газар Төвбанкаа бэлэн мөнгөний машин, касс шиг байлгах сонирхолтой. Хэзээ ч мөнгө хэвлэж, хүссэн хэмжээгээр эдийн засаг руу нийлүүлж байх хүсэл бий. Учир нь Засгийн газар аль болох их мөнгө зарж, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байж иргэдээс өндөр оноо авна. Гэвч ямар ч эдийн засаг хэмжээ хязгаартай тул, мөнгө нь ихэдвэл халина. Харин улстөрчдийн энэ сонирхлыг Төвбанк л хазаарлах боломжтой учир улстөрчид энэхүү институцид нөлөөлөх оролдлого үргэлж гарч байдаг.
Эдийн засгийн хөгжил болон Төвбанкны бие даасан байдал нь харилцан хамааралтайг судлаачид тогтоосон. Тиймээс гадаадын орнууд хараат бус, бие даасан байдлыг нь бэхжүүлэхийг чухалчилдаг юм. Тухайлбал, Чех улсад Парламентын дарга, Ерөнхий сайд ерөнхийлөгчийг нь дуудаж уулзах, үүрэг чиглэл өгөхийг хуулиар хориглодог аж. Харин манайд Төвбанкны ерөнхийлөгч Ерөнхий сайдын үүдийг сахин сууж байдаг үе байсан. Харин одоогийн ерөнхийлөгч Монголбанкыг Засгийн газрын хөгжлөөс гаргаж, бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд фокусаа тааруулжээ.
Төвбанк Засгийн газар хамтран уламжлалт бус мөнгөний бодлого нэртэй бантан хутгаж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засагт дөрвөн их наяд төгрөг нийлүүллээ. Эдийн засагт юүлсэн “цус”, шавхсан валютын нөөц хоёрыг жинлүүрийн хоёр талд тавьбал эн тэнцэнэ. Монголбанк дөрвөн их наяд төгрөг нийлүүлсэн, зөрөөд валютын нөөцөө дөрвөн тэрбум ам.доллароос 1.2 болтол шавхсан. Мөнгө хэвлэх тусам төгрөг ам.долларын харьцаа алдагдаж, ханш өснө. Мөнгөө хэвлээд, нөөцөө хав дараад байвал ханш хяналтаас гарна. Тиймээс нэг гараагаа мөнгө нийлүүлж, нөгөө гараараа үүнийгээ баллуурдахын тулд ам.доллар цутгаж байж, нөөцөө барсан хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллароос нэг болтлоо багассаныг шалтгаан нь ердөө л энэ. Засгийн газар Төвбанк хоёр дэр нэгтгэн шөнө, өдөржин “амрагласны” зардал нь манай улсын валютын нөөц байлаа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу.
Төвбанк өнгөрсөн 2016 оны наймдугаар сард бодлогын хүүг 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Үүнийг зарим хүн эдийн засгаа борцоллоо, хувийн хэвшлийнхнээ багалзуурдлаа хэмээн шүүмжилж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ арилжааны банкууд аль хэдийнэ зээлээ танаж эхэлсэн байсныг тэр үеийн статистик мэдээ харвал илхэн. Зарим банкир “Арилжааны банкуудад мөнгө бий. Гэхдээ зээл авах аж ахуйн нэгж алга” хэмээн ярьж байсан юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай эдийн засаг 1.6 хувиар агшлаа. Эдийн засаг агшиж байхад зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, техник технологио шинэчлэн, өөрсдийгөө “боомилох” аж ахуйн нэгж гарахгүй. Тиймээс мөнгөний бодлогын энэ шийдвэр нь банкуудын олгож буй зээлд төдийлөн нөлөөгүй юм. Харин ч өнөөх л үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, дархлаажуулах чиглэлээр хийсэн ажил байв. Энэ нь үр дүнгээ өгч, валютын ханшийн огцом өсөлт ч саарсан юм. Тухайлбал, тухайн үед наймдугаар сарын эхний долоо хоногт 2090 төгрөгт хэлбэлзэж байсан ам.доллар 10 хоногийн дотор бараг 200 төгрөгөөр чангарч байв. Төгрөгийн өгөөж огцом унаснаас, ам.долларжих үзэгдэл газар авч, иргэн, аж ахуйн нэгжүүд хадгаламжаа гадаад валют руу хөрвүүлэх дэлгэрсэн. Мөн нийт зээлийн нэлээд хувь нь ам.долларынх байдаг. Ханш огцом чангарвал зээл чанаргүйдэн, арилжааны банкуудаа татаж унагах ч эрсдэл бий. Тиймээс л үндсэн зорилтоо биелүүлж, төгрөгөө хамгаалахын тулд ийм шийдвэр гаргасан байж. Үнэндээ тухайн үед Төвбанкинд бодлогын хүүгээ өсгөх, интервенц хийх эсвэл өрнөж буй үйл явдлыг хараад дэмий суух гэсэн сонголт л байсан болов уу. Бодлогын хүүг нэмсэн нь сайн хувилбар биш ч олон тааруу дундаас хамгийн сайн нь байсан гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ нь зөвхөн Монголд л гарсан шийдвэр биш бөгөөд манай хойд хөрш болон Турк улс ч үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хамгаалахын тулд бодлогын хүүгээ огцом өсгөж байсан юм.
Энэ мэтчилэн Төвбанкны гаргасан шийдвэр нь үндэсний мөнгөн тэмдэгтээ дархлаажуулах, хүч тамир сэлбэх үр дүнтэй байв. Үүнээс гадна улстөрчдийн нөлөөнөөс ангид, мөнгөний бодлогын зорилтынхоо хүрээнд ажилладаг, Төвбанк шиг Төвбанк болох чиглэлээр шинэчлэл хийсэн нь сайн хэрэг байв. Энэ нь мөнгөний бодлого хэрэгжүүлдэг институцын жолоог Засгийн газар биш мэргэшсэн эдийн засагчид залж чиглүүлдэг, бодлогоо өөрсдөө тодорхойлдог болоход тустай. Хамгийн гол нь энэ нь нэг хүний шийдвэр бус багийн тоглолт байх учиртай юм.