Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Ч.Эрдэнэдалай: Төлбөрийн тэнцэл ашигтай, ханш тогтвортой байх эдийн засгийн суурь нөхцөл бүрдэж байна
2019-02-21

“Алтан Бумба” санхүүгийн нэгдлийн захирал, эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн ханшийн хөдөлгөөн, трэндийг анзаарч байна уу. Ханш он гарснаас хойш харьцангуй тогтвортой байх шиг байна?  

- Сүүлийн үед ханш тогтвортой, төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд бүгд харьцангуй сайн байна гэж ойлгож байгаа. Яг нарийвчлан судалж амжихгүй байна. Ер нь бол төлбөрийн тэнцэл боломжийн байгаа гэж ойлгож байгаа. 2019 оны хувьд нэлээн онцгой жил болно. Засгийн газраас өрийн үйлчилгээнд төлөх томоохон төлбөрүүд байхгүй. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” IPO хийх гэж байна. Уг нь бол IPO биш бонд гаргасан бол илүү хурдан бөгөөд өрийн үзүүлэлтүүд сайжирч байгаа учраас боломжийн үнээр гаргах боломжтой харагдаад байгаа юм. Гэхдээ IPO хийх нь компанид бас хэрэгтэй зүйл. Ер нь бол томоохон өр төлбөр байхгүй гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд маш эерэг мэдээ болж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалт, орж ирэх валютын урсгалаар дамжаад төлбөрийн тэнцэл харьцангуй сайн байх, валютын ханш цаашдаа тогтвортой байх суурь үзүүлэлтүүд бүрдсэн гэж харж байгаа.

-Эдийн засгийн идэвхжлийг дагаад импорт өсөх хандлагатай байгаа. Импортын өсөлт ханшид хэрхэн нөлөөлөх бол?

-Ханшийн өөрчлөлт тодорхой хэмжээгээр импорттой  холбоотой ч иргэд үүнийг шууд буруу, муу зүйл гэж харах хэрэггүй. Бизнес эрхлэгчид их хэмжээгээр янз бүрийн тоног төхөөрөмж импортолж байгаа. Үүнийхээ төлбөрт доллар төлж байгаа, дагаад эрэлт өсч болно. Гэхдээ энэ бол зөв зүйтэй сайн эрэлт юм. Яагаад гэвэл тоног төхөөрөмж чинь эргээд доллар оруулж ирнэ шүү дээ. Уул уурхайтай хамаагүй, дотоодын зах зээл дээр ажилллах тоног төхөөрөмж байлаа гэхэд энэ нь тодорхой хэмжээгээр эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, ажлын байр бий болгоно. Ер нь л тоног төхөөрөмжийн капитал хөрөнгө маягийн долларын зарцуулалтыг сайн зүйл гэж харж байгаа.  Мэдээж, шаардлагагүй хэрэглээний импортоо багасгах, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэх замаар гадагшаа чиглэх долларын урсгалыг бууруулаасай гэж эдийн засагчийн хувьд боддог.

-Тавантолгой IPO хийх, бусад том төслүүдийн хөрөнгө оруулалт ханшийн тогтвортой байдалд маш чухал нөлөөтэй байх?

- Миний онцолж буй хамгийн чухал зүйл бол “Тавантолгой”-н IPO юм. Оюутолгойн хувьд татварын ямар нэгэн маргаангүйгээр, тал талдаа ойлголцож, хөрөнгө оруулалтаа хэвийн үргэлжлүүлснээр валютын урсгалд нэмэр болно. Гэхдээ Монгол Улсын нүүрсний экспорт өнгөрсөн жил 36 сая тоннд хүрсэн. Хил дээр бага зэрэг асуудал гарсан хэдий ч экспорт өссөөр байгаа. Хил дээрх энэхүү асуудлыг зөв зүйтэйгээр шийдвэрлээд, хөрөнгө оруулагчдыг татаж чадвал Тавантолгой IPO-г амжилттай хийх бүрэн боломжтой. Үүний хажуугаар мэдээж Оюутолгой дээр ямар нэгэн асуудал үүсэхгүй байх нь чухал юм.

- Ханш гэхээр л олон нийтийн зүгээс тогтвортой байх ёстой, Монголбанк ханшаа барьж байх ёстой гэх хандлага байдаг. Энэ талаар та эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Нийгэм, бизнесийн салбар ханшийг нэг л өнцгөөр хараад байдаг. Заавал барих ёстой гээд. Мэдээж импортлогч улсын хувьд төгрөгийн ханш гадаад валютын эсрэг чанга байгаасай гэж хүсэх байх. Гэхдээ эсрэгээрээ Монгол Улс экспортыг төрөлжүүлэх, экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг зорьж буй. Энэ зорилтод хүрэхэд төгрөгийн ханш ам.долларын эсрэг хэт чанга байх нөхцөл нь тийм ч ашигтай биш. Нэг ёсондоо экспортыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг сайжруулъя гэж байгаа бол төгрөгийн ханш ам.долларын эсрэг тодорхой хэмжээгээр сул байхыг нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.  Огцом өсөлт, хөдөлгөөн бус тогтвортой, аажмаар сулрах трэнд байж болно шүү дээ. Ханш аажмаар сулрах трэнд нь импортыг үнэтэй болгох, инфляцийг өсгөхөөс бусдаар тийм ч муу зүйл биш юм.

- Ер нь төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларч байгаагийн эдийн засгийн суурь шалтгааныг та хэрхэн харж байна вэ?  

Дэлхийн хэмжээнд ам.долларын суурь хүүг хамгийн эрсдэлгүй хүү гэж үздэг. Тийм ч учраас дэлхийн ихэнх улс орнуудын төв банкууд ам.долларт тодорхой хэмжээний нөөц байршуулдаг. Мөн Холбооны нөөцийн банкны үнэт цаасанд байршуулах нь бий. Холбооны нөөцийн банкны хүү бага. Хэдийгээр өсч байгаа хэдий ч 2-3 хувьтай л байна. Монгол Улсын хувьд хөгжиж байгаа улс орон гэдгээрээ эрсдэлтэй гэж харж болно. Тийм учраас төгрөгийн хүү ерөнхийдөө 2 оронтой тоонд байдаг. Энэ маань Монгол Улсын суурь эдийн засгийн нөхцөлийг харуулж байгаа. Төгрөг, доллар хоёрын суурь хүү адил байх боломжгүй. Америк болон Монголын эрсдэл тэс хоёр өөр түвшинд яригдана. Энэ нь төгрөг ам.долларын эсрэг сулрах ерөнхий суурь нөхцөлийг бий болгодог. Өмнөх жилүүдийг харвал төгрөг ам.долларын эсрэг суларсаар ирсэн. Гол нь энэ сулралт нь маш аажмаар явагдах нь Монгол Улсад ашигтай. Ханш хэрхэн тогтохыг зах зээл эрэлт, нийлүүлэлтийнхээ зарчмаар өөрөө шийдэж байгаа.  

-Эдийн засгийн суурь шалтгаан нь ийм байхад зарим талаар 2016 оноос хойш долларын ханш чангарсан нь Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотой гэх байдлаар шүүмжилдэг. Тодруулбал, Ерөнхийлөгч Н.Баяртсайхан томилогдсоныхоо дараа гадаад валютын цэвэр нөөц -400 сая ам.доллар болсон гэж мэдэгдсэнээс болж ханш өслөө гэж өнгөц байдлаар дүгнэх тал бий. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

Зах зээлийн мэргэжлийн оролцогчид бол тухайн мэдээллийг угаасаа л мэдэж байсан. Байнга мэдээллээ хянаад л явж байгаа шүү дээ. Ер нь бол валютын нөөцтэй холбоотой бодит байдлыг мэдээлсэн нь зөв болсон. Үнэн зөвөөр мэдээлж байхыг олон улсын байгууллагууд ч шаардаж байдаг. Нөгөөтэйгүүр Монголбанкны Ерөнхийлөгчийн аливаа мэдэгдэл, мэдээллийг улстөржүүлэх асуудал гардаг. Улмаар энэ нь валютын ханшдаа илүү их нөлөөлөх тал бий. Ер нь бол Монголбанкны зүгээс валютын ханшийн талаар баримталж, хийж хэрэгжүүлж байгаа бодлогуудыг маш оновчтой, зөв гэж харж байгаа.

  • Ярилцсанд баярлалаа.