Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Д.Ангар: УИД-ын АЛДАГДАЛ ба Санхүүгийн Зохицуулах Хороо
2019-02-15

Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөгүй олон шалтгаан бий. Төрөөс банкны салбарыг татвараас чөлөөлөх, баталгаа гаргах зэргээр хэт их давуу байдлыг олгож байсан нь голчлон нөлөөлсөн бол нөгөө талаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөсөрдөж байсантай мөн холбоотой. Хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авсан иргэдийн дунд хувьцаат компаниуд ашиггүй ажилладаг, ногдол ашиг өгдөгггүй, авсан хувьцаагаа буцааж зарж болдоггүй зэрэг гомдлууд их. Гэтэл хувьцаат компаниуд үнэхээр ашиггүй ажилладаг байсан уу?

Үгүй дээ, аль дээр үеэс л Монголын хувьцаат компаниудын дунд нэгэн төрлийн ХУЛГАЙ ЛУЙВАР маш ихээр дэлгэрсэн юм. Тэр нь том нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хажуудаа ... Трейдинг нэртэй компани шинээр байгуулж хувьцаат компанийнхаа ашиг орлогыг тэр компани руугаа шилжүүлж авах процесс юм. Ингэснээр тухайн хувьцаат компанийн хувьд олсон цэвэр ашгийг зөвхөн цөөн хэдэн хүн хувааж авч харин Хөрөнгийн биржээс хувьцаа худалдан авсан жижиг хувьцаа эзэмшигч нар хоосон хоцордог байдал юм. Энэ бол уг нь бусад улсад хулгай, залилангийн үйлдэл бүхий эрүүгийн гэмт хэрэг юм. Харин Монгол Улсад энгийн л нэг практик.

Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болон жижиг хувьцаа эзэмшигчдийн хооронд дээр дээрх маягийн ашиг сонирхлын зөрчил байнга гардаг учраас улс орнууд Financial Regulator буюу санхүүгийн зохицуулагч байгууллагуудыг хуулиар бий болгодог. Тэдний үүрэг бол ердөө л жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах. Үүнийхээ хүрээнд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид, компанийн ТУЗ, удирдлагуудын нээлттэй ил байдлыг ханган ажиллуулах хуулийн үүрэг хүлээдэг.

Монголд ч гэсэн олон улсын стандарт жишгийг дагаж Санхүүгийн Зохицуулах Хороог байгуулсан байдаг. Хуулиар хүлээсэн үүрэг нь мөн л жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах. Харамсалтай нь сахил хүртээд шал дордов гэгчээр Санхүүгийн Зохицуулах Хороо гэгч байгууллага байгуулагдсан цагаас хойш жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг гэдэг зүйл бүр их хөсөрдөж эхлэв. Хувьцаат компаниудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид хажуудаа компани шинээр байгуулж ашиг орлогоо сорж авах явдал улам их боллоо. Энгийн л нэг процесс болтлоо хөгжив.

Үүний нэг тод жишээ бол Улсын Их Дэлгүүр юм. Байршил болон орж гарч байгаа худалдан авагчдын тоогоор УИД нь Монголдоо дээгүүрт орох ашигтай үл хөдлөх хөрөнгө. Түрээслэгдээгүй хоосон талбай гэж үгүй. Түрээс нь ч нилээн үнэтэй. Ингээд бодохоор УИД-ын хувьцаа эзэмшигчид жил бүр овоо ногдол ашиг авчихмаар. Гэтэл харамсалтай нь УИД-ын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь ... Реалти ч билүү нэртэй нэг компани байгуулаад УИД-ын бүх түрээсийн орлогыг өөрсдөө авдаг. Ингээд УИД-ын хувьцааг Хөрөнгийн биржээс худалдан авсан 40,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчид хоосон хоцордог.

Санхүүгийн Зохицуулах Хорооны өмнөх удирдлага (З. Нарантуяа) дээрх байдлыг засах гэж нэг оролдсон байдаг. УИД-ын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид нь ... Реалти компаниар дамжуулж түрээсийн бүх орлогоо өөрсдөө авч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул жижиг хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн Шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх ч гомдлыг хүлээн авч шүүхийн процессыг эхлүүлсэн. Энэ сургаар УИД-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн магнай тэнийх шиг болж хувьцааны үнэ ч нилээн өссөн. Гэтэл юу болсон гэж санана?

Санхүүгийн Зохицуулах Хорооны өмнөх дарга нь УИХ-ын сонгуульд дэвших болсон тул ажлаа өгөв. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Спикер болсон М. Энхболд өөрийн зөвлөх байсан Даваасүрэн гэдэг эмэгтэйг Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар томилов. Англид сурч боловсорсон МУИС-д эдийн засгийн багш байсан гэсэн CV-г хараад итгэл төрж байснаа нуугаад юугхэв. Гэтэл мань хүн СЗХорооны дарга болоод хийсэн эхний том ажил нь юу байсан бэ гэхээр өмнөх даргынхаа шүүхэд гаргасан гомдлыг татаж УИД-ын нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан гэдэг нь сүүлд ил болов.

Энэ 7 хоногт хувьцаат компаниуд 2018 оныхоо цэвэр ашгийн хэмжээг зарлаж эхлэв. Улсын Их Дэлгүүр өнгөрсөн онд 70 сая төгрөгийн АЛДАГДАЛТАЙ ажилласнаа зарлалаа!!!

 

https://www.facebook.com/profile.php?id=100000136107358&__tn__=%2CdCH-R-R&eid=ARA6yI-hafw6J_ShZ2-VaMtHLf9PyVjNeTzpZ5JZBRFfmrdo0tSP_K2acHhaD4AIaVigFdpwdx-nnm3y&hc_ref=ARRXiQFVXBbhk-LZo4EzpMZ74q4zOBkLo8qOcFf_OYDfMCcoxTIhnMAdXzqgYTY70Zs&fref=nf