СЭЗИС-ийн багш, эдийн засагч судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
- Та энэ онд валютын ханшийн өсөх, буурах төлөв, ирээдүйн нөхцөл байдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ. Ямар хүчин зүйлсийн нөлөөлөл төгрөгийн ханшид эерэгээр нөлөөлөх бол?
Миний хувьд 2019 онд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байна гэсэн хүлээлттэй байгаа. Эдийн засгийн өсөлт 2018 оны түвшнээс буурахгүй байх. Тийм учраас валютын ханшийн тухайд ч томоохон эрсдэл харагдахгүй байна. Гэхдээ ханш аажмаар өсөх трэнд буурахгүй болов уу. Учир нь эдийн засгийн сэргэлт, идэвхжил нь бидний урсгал тэнцэл, хөрөнгийн дансны алдагдлыг нэмэгдүүлж байгаа. Гадаад худалдаа одоогоор ашигтай байгаа ч ашиг нь буурсаар байна. Мөн тээвэр, үйлчилгээ зэрэг бусад урсгал данс маш их хэмжээний алдагдалтай байна. Энэ бол ханшид нөлөөлж болох нэлээд том дарамт юм. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтын тухайд Оюутолгойг эс тооцвол төдийлөн хүчтэй сэргэлт ажиглагдахгүй байна. Тэгэхээр энэ онд валютын ханш тийм ч их өсөхгүй болов уу гэж харах гол шалтгаан нь валютын сан болон түүнтэй холбоотойгоор орж ирэх бусад санхүүжилтүүд юм. Мөн Хөгжлийн банк болон бусад байгууллагуудын гаднаас авч байгаа санхүүжилтүүд нь ханшийг 2019 онд өндрөөр өсгөхгүй байх боломжийг бүрдүүлэх болов уу. Нөгөө талаас Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлууд буюу Тавантолгойн IPO хийх зэрэг нь валютын ханшид бидний таамагласнаас харьцангуй эерэг нөхцөлийг бий болгох боломжтой.
- Энэ онд Валютын сангийн санхүүжилтийн хүрээнд 800 орчим сая ам.доллар орж ирэхээр байна. Мөн саяхан Монголын ипотекийн корпораци 250 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр амжилттай арилжааллаа. Түүнчлэн энэ онд Засгийн газар, Хөгжлийн банкнаас төлөх томоохон өр төлбөрүүд байхгүй гэх зэрэг таатай нөхцөлүүд ханш дээр эерэг хүлээлтийг бий болгосноор долларын ханш буурах, төгрөгийн ханш чангарах нөлөөлөл үзүүлэх боломжтой юу?
Валютын ханш өсөх үү, үгүй юу гэдэг нь Монгол Улсын валютын орох, гарах урсгалын тэнцвэр хэрхэн хангагдах вэ гэдгээс л хамаарна. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил энэ хэмжээнд хэвээр байвал валютын эрэлт, хэрэгцээ өнгөрсөн оныхоос буурахгүй байх магадлалтай. Нөгөө талдаа таны дээр дурдсанаар валютын орох урсгалууд цаг хугацаандаа, графикийн дагуу орж ирвэл ханш өсөхгүй байх боломжтой. Дээр нь нэмэгдээд, түрүүн хэлсэнчлэн Тавантолгойн IPO зэрэг хүчин зүйл орж ирвэл валютын ханш тогтворжих, цаашлаад буурах ч боломж бий. Гэхдээ миний хувьд ханшид томоохон нөлөө үзүүлэх буюу ОУВС-гийн хөтөлбөрөөс бусад томоохон санхүүжилтүүдийн орж ирэх магадлалыг харьцангуй бага гэж харж байгаа. Хэрвээ хэрэгжиж чадвал бидэнд валютын ханшийн талаар эерэг зүйл дуугарах боломж байна.
- Иргэдийн хувьд Монголбанкнаас ханшийн тогтвортой байдлыг шаардсан хэвээр байна. Гэтэл Монгол Улс валютын ханшийн хөвөгч дэглэмтэй улс. Мөн Монголбанкны хувьд ханшийн талаар төдийлөн хүчтэй бодлогын арга хэмжээ авах боломж хомс шүү дээ. Тэгэхээр ханшийн тухайд Монголбанк болон Засгийн газрын хийж чадах ажлуудын талаар таны байр суурийг сонсоё?
Иргэд Монголбанкийг ханш барих ёстой гэж ойлгож байгааг буруутгах аргагүй. Мэдээж өнгөц харахад Монголбанкинд валют байгаа учраас тэгж харж болох байх. Хоёрдугаарт, Монголбанкийг ханшийн талаар буруутгадаг нэг зүйл нь улстөрчдийн хийж буй алхам, хэлж буй үг, зарим мэдэгдүүд байна. Ханш гэхээр улстөрчид, Засгийн газрын гишүүд бүгдээрээ Монголбанктай л холбож тайлбарладаг. Тийм учраас нийт иргэд валютын ханшийг Монголбанк барих ёстой гэж ойлгох нь аргагүй. Уг нь бол валютын ханш тогтвортой байх суурь нөхцөлийг хангах үүрэг Засгийн газарт бий. Суурь нөхцөл гэхээр валютын ханш 2013 оноос хойш өссөөр байгаад, яагаад хоёр дахин өсчихөв гэдэг асуулт бий. Тэгэхээр хоёр дахин өссөн шалтгаан бол Засгийн газар буюу төрийн хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн бодлоготой шууд холбоотой. Тэгвэл есдүгээр сард яагаад ханш яагаад өсөв, 10 дугаар сард яагаад бага зэрэг хэлбэлзэв гэдэг нь суурь нөхцөлөөс ангид, цаг зуурын хүчин зүйлс юм. Ийм цаг зуурын шинжтэй, улирлын хэлбэлзэл дээр Монголбанк зайлшгүй оролцох ёстой. Монголбанк гэнэт гарч ирж байгаа хэлбэлзлүүдэд чадлынхаа хэмжээгээр валютын захад оролцох ганц л арга хэрэгсэлтэй байгууллага. Монголбанк валютын нөөцийг хадгалж, эзэмшиж, удирдаж байгаа. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн потенциалийн хүрээнд бий болж байгаа тэр хэмжээний валютыг л Монголбанк хадгалж, эзэмшиж, удирдаж байна. Тэр хэмжээндээ л валютын захад оролцох чадамжтай. Тийм учраас валютын ханшийг бүхэлд нь Монголбанкинд тохох нь буруу юм.
- Тэгвэл ханш гэхээр л Монголбанкийг буруутгадаг өрөөсгөл хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?
-Удахгүй Их хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа Валютын зохицуулалтын тухай хууль байна. Энэ хуулийн зарим алдааг засаж, баталж чадвал ханшийн талаар хэн ямар хариуцлага хүлээх нь тодорхой болно. Уг хуульд валютын ханшийн өөрчлөлтөд Засгийн газар хариуцлага хүлээх тухай заалт байгаа. Өнөөдөр ханш өндөр, иргэдийн амьжиргаа доогуур, нийгмийн нөхцөл байдал хүнд хэцүү гэх зэрэг асуудлыг шийдэх тодорхой бодлогыг гардан хэрэгжүүлэх газар нь төр буюу Засгийн газар. Харин Монголбанк төрийн хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг мөнгөний бодлогоор дамжуулан зохицуулж, дэмжих үүрэгтэй юм.
- Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс макро зохистой бодлогын хүрээнд хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэр хэрэгжээд эхэллээ. Энэхүү бодлогын ирээдүйд бий болгох үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Иргэдийн хувьд мэдээж Цагаан сарын өмнө хэрэглээний зээлийг хязгаарласан болохоор тэр бүр таатай хүлээж авахгүй байх шиг байна?
Мэдээж зээлийг хязгаарлахаар яг зээл авах гэж байсан иргэн бухимдана. Гэхдээ энэхүү бодлогын зохицуулалт нь тухайлсан иргэнд зориулсан байдаггүй. Нийт массыг эрсдэлээс хамгаалах, нийт эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн байдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Зээлдэгчийн хувьд би ч бас хэрэглээний болон бизнесийн зээлтэй байна. Зээлийг хязгаарлаж байгаа нь надад ч бас сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ бодлогын зохицуулалт, мөнгөний бодлогын арга хэрэгслүүд, макро зохистой бодлого нь нийт масс, нийт эдийн засаг руу чиглэсэн байдаг. Тийм учраас энэ бодлого тодорхой цаг хугацаанд, тодорхой хүмүүс таалагдахгүй байх нь ойлгомжтой. Үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй. Гол нь үүний зорилго, цаад сэдэл нь юуны төлөө байсан бэ гэдэг нь илүү чухал. Ингэснээрээ бид юунд зорьж, юу болохоос хамгаалж чадсан бэ гэдэг нь чухал. Тийм учраас иймэрхүү бодлогын тухайд Монголбанк өөртөө итгэлтэй, зөв зүйл хийж байгаа гэж бодож байвал зоригтой байх хэрэгтэй.
- Гол нь цаг хугацааны хувьд сар шинийн баяр ойртож байгаа үед хэрэгжиж эхэлсэн болохоор бухимдал үүсгээд байх шиг байна?
- Би үүнийг цаг үеэ олсон, зөв алхам гэж үзэж байгаа. Монголбанкны гаргаж байгаа Санхүүгийн тогтвортой байдлын тайлан, бусад статистик мэдээллийг харвал өрхийн өрийн дарамт маш их болсон байна. Яг үнэндээ Монголбанкнаас тогтоосон 70 хувь руу маш ойрхон болсон байна. Энэ маань маш эмзэг өрхүүдийг бий болгож байна гэсэн үг. Өрхүүд нь 70 хувийн орлогоо зээлдээ төлчихөөд, 30 хувиа зээлд төлдөг болчихоод байна. Үүнээс цаашилбал, эдийн засаг маань улам эмзэг бөгөөд эрсдэлтэй болно. Юун түрүүнд өрхүүдэд өрийн дарамт нэмэгдэж, амьдралын чанарыг муутгаж, хүндрэлийг бий болгохоос гадна санхүүгийн системд зээлийн чанар муудах, зээлийн эрсдэл бий болох гэх зэрэг ирээдүйд гарч болзошгүй олон сөрөг зүйлээс хамгаалж байгаа юм. Энэ эрсдэлээс өрхүүдээ ч хамгаалж байна, мөн банк, санхүүгийн системийнхээ тэнцвэртэй, тогтвортой байдлыг ч хамгаалахад чиглэсэн олон талын ач холбогдолтой гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.