Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьсан. Уг хуулийн төсөлд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг тусгажээ.
Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр " АН-ын хувьд ардчилсан төр, эрхзүйт төрийг хүндэлж, өнөөдөр хууль сахих үүргээ биелүүлээд, хуралдаанд сууж байна. Харамсалтай нь олон долоо хоног хуралдсангүй. Олон долоо хоног төрийн ажил гацлаа. Эндээс гарах хоёр л гарц байна гэж бид харж байгаа.
Нэгдүгээрт, УИХ гишүүдийнхээ саналаар өөрөө огцрох. Үүнийг ард түмний хүсэн хүлээж байгаа гэж бодож байна. Энэ асуудлыг бид Даваа гарагт бүлгийн хурлаараа ярилцана. Хоёрдугаарт, энэ өргөн барьсан хуулийн асуудал. Их хурлын дарга хуулийн төслийг Төрийн байгууллалтын байнгын хороонд шилжүүллээ гэж сая мэдэгдсэн. Ирэх долоо хоногт мөн энэ асуудлыг бүлгээрээ хэлэлцэж шийдвэрээ гаргана. Ирэх долоо хоногт бүтэн хэлэлцээд явахад энэ хууль батлагдах боломжтой" гэв.
Эх сурвалж: times.mn