Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.14) нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас дахин хойшлогдлоо.
Хуралдаан 10 цагт эхлэх товтой байсан ч хуралдааны ирц бүрдэхгүй багагүй хугацааг өнгөрөөсний дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлсэн юм.
Тэрбээр, “Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн шаардлага тавих тухай албан бичгийг надад ирүүлсэн. УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэдэг шаардлага өгсөн. Энэ шаардлага өчигдөр ч анх удаа ирж байгаа юм биш. Намайг УИХ-ын даргаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг мөн тавьж байсан.
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж, энэ шаардлагыг ирүүлж байна. Эдгээр 38 гишүүний 34 нь манай намын гишүүд байгаа. Би гарын үсэг зурсан нөхдийгөө хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх, хэний даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа сайтар тунгааж үзсэн байхаа гэж бодож байна.
Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентын дотоодод болж байгаа үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Би хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байя гэдэг бодолтой байна. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганыг удирдаж, ирцээ бүрдүүлж, ажлаа явуулахыг хүсч байна хэмээсэн.
Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг удирдахаар болсон бөгөөд тэрбээр хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг тойрог тус бүрээр нь танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан ч 11.16 цаг хүртэл ирц бүрдсэнгүй. УИХ-ын 33 гишүүн хуралдаандаа хүрэлцэн ирж, ирц 44 хувьтай байсан юм.
Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилж байна. УИХ-ын Байнгын хорооны 14 удаагийн хуралдаан, Дэд хорооны хоёр удаагийн хуралдаан мөн ийм шалтгаанаар хойшилсон байна. Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.
Энэхүү асуудлыг хэлэлцэх үед хуулийн төслийг өргөн барьсан сайд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, хэлэлцэж буй асуудлыг хаяж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй өнөөдрийг хүртэл хойшилж байна.
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал мөн л хэлэлцэгдэлгүй дөрвөн хуралдаан дамналаа.
Ерөнхий сайд УИХ-ын чуулганд ирж оролцох үүрэгтэй. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдаас болж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд томилогдож чадахгүй өдий хүрлээ. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа энэ үед, монголчууд хүнстэй өвөлжих үү, хүнсгүй өвөлжих үү, гурилын үйлдвэрүүд энэ жил хураан авсан буудайгаа гурил болгож чадах уу, үгүй юу гэсэн асуудал хоолой дээр тулаад байхад салбарын сайдаа томилж чадаагүй байж байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой алдаа завхралыг засах асуудлыг шийдэх ёстой УИХ-ын Түр хороо байгуулах асуудлыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрээд байна.
Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьсан байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуульд заасан хугацаанд хэлэлцсэн. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэлгүй өдийг хүрч хууль зөрчсөн нөхцөл байдал үүсээд байна. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй байгаа тул өнөөдрийн хуралдааныг хааж байна” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.