Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аллагын хэргийн гүйцэтгэгч гэх үндэслэлээр ял шийтгүүлсэн нэр бүхий гурван иргэн шоронд хоригдоод жил тойрлоо. Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг захиалагчийг шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.
Тэгвэл уг хэрэг дээр ажилласан хуулийнхан болон Ажлын хэсгийнхэн захиалагчийг бүгд мэдэж байгаа. Цагдаагийнхан зарлахгүй байна гэж Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдлээ. Тухайлбал, Ц.Амгаланбаатар мөрдөн байцаах болон шүүхийн шатанд захиалагч хэмээн цөөнгүй хүний нэрийг хэлсэн байдаг гэнэ. Тэгэхээр энэ салбарыг базаж буй хүний хувьд Ц.Нямдорж сайд өөрөө ч бас мэдэж байгаа гэсэн үг юм. Цагдаагийнхан зарлахгүй байгаа юм бол сайд өөрөө зарлаж бас болно шүү дээ.
Дээр нь сайдын мэдэгдэлд толгой эргүүлсэн асуудлууд бас байна. Тухайлбал, тэрээр “Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй шалтгаан нь гүйцэтгэгч хэмээн ял шийтгүүлсэн гурван хүнтэй нүүрэлдүүлэхэд нь “алуурчид биш байна” гэсэн юм билээ. Иймд хоригдож буй гурван хүнийг ялласан асуудлыг эргэж харах ёстой, хүн хэлмэгдүүлж болохгүй” гэж хэлсэн юм.
Эндээс “Алуурчин биш юм бол захиалагчийг яагаад нэрлэсэн юм бэ” гэдэг асуулт тавигдаж байна. Иймээс Ц.Нямдорж сайд ойрын үед дахин мэдэгдэл хийх хэрэгтэй болж байна.
Ч.Зотол
Эх сурвалж: Polit.mn