Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, ББСБ-уудад газар дээр нь шалгалт хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 437 ББСБ үйл ажиллагаа эрхэлж байна. Шалгалтаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хэсэгчлэн үзэх аж.
Өнгөрөгч тавдугаар сараас СЗХ Ажлын хэсэг байгуулан, банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад санхүүгийн гэмт үйлдлүүд, тэр дундаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах Монгол Улсын тогтолцоо, эрх зүйн орчны талаар сургалт явуулжээ.
Улсын хэмжээнд зохион байгуулсан тус сургалтын хүрээнд холбогдох мэдээлэл, гарын авлагыг бэлтгэн түгээсэн бөгөөд дээрх хуульд шинээр орсон зохицуулалтыг хэрэгжүүлэх, ялангуяа байгууллагуудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс сэргийлэх, санхүүгийн мэдээллийн албанд сэжигтэй гүйлгээний мэдээллийг өгч, холбогдох арга хэмжээг авч байх нэгж байгуулах, эсвэл комплаенсийн ажилтныг томилох зэрэг шаардлагыг хэрэгжүүлэх талаар тодорхой заавар, чиглэл өгсөн байна.