Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Х.Баттулга: Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна
2018-06-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.

Хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор нээхдээ, “Алс холоос ирсэн найз нарыг хүлээн авах ямар гайхалтай юм бэ” хэмээн Күнзийн хэлсэн үгнээс иш татлаа. Мөн Энэтхэг болон Пакистан улс ШХАБ-ын гишүүн орноор элссэнээс хойш болж буй анхны хуралдаан гэдгийг цохон тэмдэглэж, жил ирэх бүр ШХАБ-ын цар хүрээ улам нэмэгдэж байгааг хэлээд дөрвөн ажиглагч улс, зургаан яриа хэлэлцээний түнш орнуудтай хамтран ажиллаж байгаа талаар хэлэв.

ШХАБ-ын дүрмийн дагуу Өргөтгөсөн хуралдааныг, ШХАБ-ыг ээлжийн дагуу даргалж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж, дараа нь гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд үг хэлсэн юм.

Өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн статустай оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БаттулгаШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд:

“Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга, Эрхэм хүндэт Ши Жиньпин,

Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн Тэргүүн нар аа,

Зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн ээлжит хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин Танд болон Танай Засгийн газарт баяр хүргэе.

Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа өргөжин тэлж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон чиглэлийг хамрах болсноор хамтын ажиллагааны механизм, эрх зүйн үндэс нь зохих түвшинд бүрдсэн, бүс нутгийн олон улсын байгууллага болон төлөвшиж байна гэж Монгол Улс үздэг.

2017 онд Энэтхэг, Пакистан улсууд бүрэн эрхт гишүүнээр элссэнээр ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ, оролцоог улам тэлж, бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинаа  нэр хүнд, нөлөө нь өсөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн болон бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд манай улс баяртай байна.

Цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зохион байгуулалтын хувьд улам бэхжиж, үйл ажиллагаа нь төгөлдөршиж, оролцогч орнуудын хөгжил цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Хатагтай ноёд оо,

Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж байна.   ОХУ, БНХАУ болон гуравдагч хөршүүдтэйгээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал юм. Бид Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Тийм ч учраас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Монгол Улс тус бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцох нэг чухал  суваг хэмээн үзэж, өндөр ач холбогдол өгч 2004 онд ажиглагчийн статустай болсон үеэсээ тус байгууллагын уулзалт, арга хэмжээнд идэвхтэй оролцож ирлээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч, түнш орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх чиглэлд Монгол Улс онцгой ач холбогдол өгч, цаашид энэ чиглэлээр үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.  Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжил дэвшилд  хувь нэмэр оруулахын төлөө гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш орнуудтай идэвхтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байна.

Хатагтай ноёд оо,

ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хүндрэлүүдийг хамтран шийдвэрлэх нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг шийдвэрлэх суурь нөхцөл юм. Монгол Улс тус байгууллагын орнуудтай хамтран  эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж байна. Мөн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент  болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг салбарт Та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллахыг зорьж байна.

Энэхүү зорилтыг удирдлага болгон Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна.

Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон Оросын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг бодитойгоор хэрэгжүүлэх, үүний тулд гурван талын хамтарсан механизмыг боловсронгуй болгох, Монгол Улсын газар нутгаар дамжуулан төмөр зам, автозам, байгалийн хий, газрын тосны  хоолой тавих, худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахад ШХАБ-ын гишүүн орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ онцгой анхаарал тавьж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. Түүнчлэн Та бүхнээс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийг хүлээж, найдаж байна.

ШХАБ-ын дээд түвшний энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ. Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын ажиллагаанд монголын тал онцгой ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын гишүүн улсуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч нийт улсуудтай  ард түмнүүдийн харилцан итгэлцэл, найрамдал, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ дахин илэрхийлье.

Дараагийн даргалах эрхийг авсан Киргизийн Ерөнхийлөгчид баяр хүргэж амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн хэллээ.