Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
“Эрдэнэс таван толгой”-н удирдлагууд талийгаачийн ар гэрт хоёр хоногийн дараа мэдэгджээ
2018-05-16

Хэн хүний дургүй хүргэх ийм харамсалтай хэрэг явдал энэ сарын 4-ний өдөр Өмнөговь аймагт гарчээ. Тодруулбал, Өмнөговь  аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит хувьцаат компаний  олборлолтын талбайд тус компаний ажилтан, Улаанбаатар хотын  харъяат 43 настай иргэн А хүнд даацын дозер маркийн тээврийн хэрэгсэлд дайруулж амиа алдсан байна. 

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач нүүрсний овоолго хийж байсан  гэх бөгөөд машинаа унтраалгүйгээр буусан нь осол гарах шалтгаан болсон бололтой. Талийгаач жолоодлоггүй болсон машинаа зогсоох гэж оролдож байгаад дайруулж амиа алджээ. Уг харамсалт хэргийг нүдээр харсан гэрч байхгүй бөгөөд талийгаачийг олох үед бүх бие нь няцарсан, бүтэн эрхтэн олдоогүй гэнэ.  Хачирхалтай нь дээрх хэргийг “ Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компаний удирдлагууд гадагшаа задруулахгүй байхыг бүх хэлтэс албадууддаа үүрэгдсэн гэх ба энэ хэргийн талаар мэдээлэл гадагшуулсан  байх аваас тэр хүнийг хална хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн осол болсноос хойш хоёр хоногийн дараа ар гэрийнхэнд нь мэдэгдсэнд талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа  аж. Хохирогч өмнө нь  “Энержи ресурс” компанид ажиллаж байгаад “Эрдэнэс таван толгой” руу шилжээд удаагүй байсан гэнэ.   

Болсон хэрэг явдлын талаар “Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компаний хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад,”Бид өөр мэдээлэл бэлдэж байгаа тул завгүй байна. Энэ хэргийн талаар ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээх хариултыг өгчээ.   Уг хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хөдөлмөр аюулгүй баййдлын дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй гэх дүгнэлтийг гаргаад байгаа сурагтай. 

Үхсэн хүн үг хэлдэггүй болохоор бүх бурууг талийгаачид тохоод өнгөрөх сонирхол компаний удирдлагуудад байхыг үгүйсгэх аргагүй.  Нөгөөтэйгүүр,  компаний удирдлагууд осол гарсан даруйд талийгаачийн ар гэрт мэдэгдэлгүй хоёр хонов гэдэг нь өөрөө асуудал дагуулах  биз. Хэрэвзээ осол болсон талаар компаний удирдлага даруй мэдэгдэл хийж, талийгаачийн ар гэрийнхнээс уучлал хүссэн бол асуудал газар авахгүй байсан байж магадгүй.

Эсвэл  уурхайн  үйл ажиллагаа хариуцсан захирал шинэ удирдлагынхаа нэр хүндийг хамгаалах гэж оролдон, үүнийгээ баталгаажуулах үүднээс ажилчиддаа мэдээлэл гадагшуулахгүй байхыг үүрэгдсэн байж болох талтай.  Б.Ганхуяг хэмээх эрхэм “Эрдэнэс таван толгой” компаний гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа. Шинэхэн захирлын ажлын гараа  хүний амины гарзтай эхэлж байгаа нь  харамсалтай.  Бурханы зурсан зураг гэж байдаг юм гэнэ лээ. Гүйцэтгэх захирлын сэнтий түүнд зохихгүй л байна даа.

 Х.  Пагамдулам