Үндсэн хуулийн цэц маргааш Их суудлын хуралдаанаа хийхээр болжээ. Энэ удаад УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх юм байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулгын үйлдэлтэй холбогдуулан иргэд дээрх гомдлыг Цэцэд гаргажээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Гэвч Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр “Хүчирхийлсэн нь тогтоогдохгүй байна” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Улмаар өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурорын газар хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг цуцлан, сэргээн шалгуулахаар болсон юм. Дахин шалгаж үзэх ёстой гэж үзсэн энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон гэх мэдээлэл бий.
Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос түүнийг яллагдагчаар татах саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Хэрэв Цэц дээрх заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нөхцөол бүрдэх юм байна. Учир нь, Цэц Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд тухайн заалтын үйлчлэлийг нь түдгэлзүүлдэг юм.