УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн ярилцлагаас онцолсон ишлэлүүд:
1.Салбаруудынхаа төсвийн бүтцийг зөв болгож, хүн рүү чиглэсэн оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, багшийнхаа чадамж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
2. Сайдын багцад байгаа төсвийг багш нараа чадавхжуулах, давтан сургах, хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бий болгох, соёл урлагийн байгууллагуудаа дэмжих, нийтийн биеийн тамир спортыг дэмжих, шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал санаачлагыг дэмжихэд чиглүүлж зарцуулна.
3. Ирэх онд боловсролын салбарт 1 их наяд, 632.3 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр улсын хэмжээнд шинээр болон он дамжсан 82 сургуулийн барилгыг барьж ашиглалтанд оруулна. Үүний үр дүнд сургуулиуд гурван ээлжгүй хичээллэх бүрэн боломжтой гэж тооцоолж байна. 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд бүрэн шилжинэ.
4. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын огт цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэгийн асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр иж бүрнээр шийдэж байгаа. Бас цэцэрлэгийг бүрэн камержуулна.
5. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж толгойны өвчин болж, сугалаанд азаа туршдаг байдлыг төгсгөлболно.
6. Дэлхийд өрсөлдөх чадвартай, дотоодын зах зээлдээ эрэлт хэрэгцээтэй, уул уурхай, шинжлэх ухаан, технологи гээд салбар бүрийн нарийн мэргэжлийн боловсон хүчин болон мэргэжлийн, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх нь маш чухал байгаа юм. Энэ чиглэлд их, дээд сургуулиуд маань бодлогоо чиглүүлж, сургалтын агуулга, стандарт, чанараа ахиулах шаардлага тулгарч байна. Үүнийг бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргагчид ч анхаарья, хэрэгжүүлж буй их, дээд сургуулиуд маань ч анхаарья.
7. Үр хүүхдүүдийг маань өсч торниж, төлөвшиж байгаа үед нь гадны шашны урсгалаар тархийг нь цэнэглэбэл яах билээ. Тиймээс төр засаг хүүхдийн сайн сайхны төлөө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, бодлогоор дэмжих учиртай. Өмнөх жилүүдэд хүүхэд хамгааллын зардалд хоёр тэрбум төгрөг төсөвт тусгаж, 95 хувийг нь хүүхэд хамгаалах чиглэлийн төрийн байгууллагуудын ажилтнуудын цалинд зарцуулж, үлдсэн тавхан хувийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд зарцуулдаг байсан юм билээ. Үүнийг үндсээр нь өөрчилж байгаа.
8. Хэрвээ 2020 оны олимпт манай тамирчид одтой, амжилттай байх чадвал Монгол хүүхдүүдийн үлгэрлэн дуурайх, спортоор хичээллэх хүсэл зоригийг улам л бадраана шүү дээ. Энэ үүднээс асуудал тавьж, биеийн тамир спортын бодлогыг дэмжих талаар ярилцаж, төсөв 2.1 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байгаа.
9. Шинжлэх ухаан технологийн сангийн үйл ажиллагаанд зориулалтаар хуваарилагдаж байгаа хөрөнгийг бид нар үр дүнтэй ашигладаг зөв хандлагад суралцах хэрэгтэй байна. Хэн нэгэн дарга даамал эсвэл танил талынхаа хүнийг дэмжээч гэхээр цохолт хийж өгдөг биш ямар үр өгөөжтэй судалгаанд, ямар шилдэг бүтээлд хөрөнгө хуваарилах вэ? гэсэн шалгууруудыг маш тодорхой болгож, түүнийгээ хэрэгжүүлж байж шинжлэх ухааны салбар босч ирнэ гэж харж байгаа.
10. Шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны олон салбарт хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд их, дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагууддаа манай яам гүүр болж ажиллана.
11. Өв соёл гэдэг гурван цагийн хэлхээс дунд тасрашгүй тэжээгдэж, хөгжиж байж, монголчуудын даяарчлалын эринд тэсч үлдэх дархлаа нь болно шүү дээ.
12. Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд Монгол хүн Монголоороо үлдэх тэр дархлаа бол соёл урлагийн бодлогоор дамжиж үлддэг.
13. Би хэн нэгэн танил хүнээрээ энэ яамыг дүүргэхгүй ээ.
14. Төрд ажиллана гэдэг түмний төлөө үйлчлэхийг хэлдэг болохоос ямбалж, ажлыг гацаахыг хэлэхгүй ээ.
15. Би нэг зүйлийг боловсролын салбараас эхлүүлье гэж бодож байгаа. Яамныхаа ажилтнуудын дунд аттестачлал явуулна. Аттестачлал явуулах журмаа батлаад 12-р сараас хэрэгжүүлнэ. Ажлын байран дээрээ тэнцэж байгаа нь үлдээд, тэнцэхгүй байгаа хүний оронд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.
16. Сайн багшаас сайн сурагч төрнө гэсэн зарчмыг үндэслэн үнэлгээний шинэ журмыг боловсруулж байгаа.
17. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийг шинэчилж мөрдүүлнэ.
18. Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагаанд цогц байдлаар дүн шинжилгээ хийнэ.
19. Дөрөвдүгээр ангид уран зохиолын хичээл ордог байсныг бүтэн гурван жил алгасаад 7-р ангиас нь ордог болоод хэдэн жил болсон байна. Яг уншиж сурах, сууж сурах, ойлгож сурах насанд нь Монголынхоо уран зохиол, үндэстнийхээ тэр уламжлагдаж ирсэн домог түүх, үлгэрийг хүүхдүүддээ уншуулж, ухамсар, сэтгэхүйд нь үлдээх ёстой байтал орхигдуулсан. Үүнийг засч өөрчлөхийн төлөө ажиллана аа.
20. Үр дүнтэй, хариуцлагатай, зохион байгуулахын тулд би яаман дээрээ тендэр зарлаад, зохион байгуулаад байя гэж бодохгүй байгаа. Орон нутагт нь маш хариуцлагатайгаар эрхийг нь шилжүүлээд тендерийг ил тод, нээлттэйгээр сонгон шалгаруулж барилгын ажлыг зэрэг эхлүүлэхгүй бол цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй болно. Төсөв, бичиг цаасны ажлыг нь өвөл 12, 01-р сард хийгээд хавар барилгын ажлыг цаг алдахгүй эхлүүлье гэсэн чиг барин ажиллаж байгаа.