Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
63.8 тэрбум төгрөгийн татвар хураах боломжийг алджээ
2018-04-03

Татвар бол төсвийн орлого бүрдүүлэх, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх үндсэн хоёр үүрэгтэй. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татварын бааз суур­ийг тэлэх бодлого өгч төрөөс баримталж бай­гаа. Харин нөгөө талд нь эдийн засгийн тогт­вортой байдлыг хангах­ын тулд хөнгөлөлт, чөлөө­лөл­тийн бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлого, зохицуулалтууд нь тогтворгүй, уялдаа холбоогүй, үр дүнгүй байгааг Үндэсний аудит­ын газраас хийсэн “Тат­варын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн”-д хийсэн аудитын тайлангаас харж болохоор байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс олон улсын жишгээс илүү олон сал­барт хавтгайруулсан байд­лаар хөнгөлөлт чөлөө­лөлт үзүүлдэг байна. Хэдий­гээр 2012-2016 онд татвар төлөгч аж ахуйн нэгжийн тоо 1.5 дахин өсч татварын бааз суурь өргөссөн ч хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэрэгжих хугацаа цаг үетэйгээ уял­дахгүй, татвараас чө­­лөөлөх барааны жаг­саалт нь хуулийн зорил­гыг алдагдуулж, үйлдвэрлэлийг бус хэрэг­лээг дэмжсэн байдалтай байгаа зэргээс шалтгаалан зөвхөн 2016 онд 63.8 тэр­бум төгрөгийн татвар хураах боломжийг алджээ. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого байгаа олохгүй байгаагийн нэг жишээ бол 2016 оны байдлаар банк санхүүгийн салбарт хамгийн их буюу 422.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлжээ. Гэтэл банкны зээлийн хүүгийн дундаж үзүүлэлт 19.5 хувиас буурахгүй байгаа нь тус салбарын нийгэм эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөө бага байгааг харуулж буй. Монгол Улсад татварын чөлөөлөлтөд хамрагдаагүй салбар бараг байхгүй. Харин дэлхийн ихэнх улс оронд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, санхүү, нийтийн тээвэр зэрэг цөөн тооны салбарт үйлчлэхийг илүүд үздэг байна. Татвар төлөгч компанийн тоо нэмэгдсэн ч “Х” буюу алдагдалтай тайлан гаргасан аж ахуйн нэгжийн тоо даруй 20 мянгаар нэмэгдсэн дүн бас байна. Хөл дээрээ босох гэж зүтгэж байгаа хувийн жижиг компаниудаа дарамт­лахаас илүү үр дүн­гүй, уялдаагүй, нэгдсэн бодлогогүй энэхүү сис­темээс зарим нэг жижиг алдааг засахад  төсвийн орлого нэмэгдэж болох жишээг энд бичье.

БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгуулсан “1949 оны хэлэлцээр”-ийг үндэслэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг 2016 онд импортолсон 67.3 мянган тонн түлшийг 31.5 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлжээ. Энэ асуудал хоёр улсын хооронд яригдаж, шүүх байгууллагаар хүртэл дамж­сан. Өнөөг хүртэл дээрх татварыг төлж бараг­дуулаагүй хэвээр бай­гаа юм. Тиймээс 1949 онд байгуулсан гэрээ хэлэлцээрийг шинэчлэн найруулах цаг үеийн хэрэгцээ байгааг холбогдох байгууллагууд хэлсээр байна.

Түүнчлэн томуугийн А хүрээний “H1N1” вирус­ын идэвхжил өндөр байх үед буюу 2009 оны аравдугаар сард тус вирусын халдварын оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, эм хэрэгс­лийг татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Гэвч хэрэгжиж дуусах хугацааг тодорхой заагаагүйгээс 2015-2016 онд л гэхэд нийтдээ 288 удаагийн 1.4 сая ам.долларын тоног төхөөрөмж, эм хэрэгсэл бүгд 0.4 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгджээ. Энэ үед тухайн өвчны дэгдэлт буруулсан гэдгийг статистикаас харж болно. Олон жилийн өмнө батлагдаж, тухайн үедээ хэрэгжээд дуусах ёстой энэхүү хуулийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Үндэсний аудитын газраас Монгол Улсын Ерөнхий сайдад зөвлөөд байна.

Онцгой албан тат­варын тухай хуулийн хүрээнд 2015-2016 онд нийт 57 мянган автомашинд ногдох 326.6 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлсөн байна. Гэтэл хуульд хос тэжээлт автомашиныг үйлдвэрлэсэн он, цилиндрийн багтаамж зэргийг харгалзалгүй чөлөөлөхөөр заасны улмаас импортолсон хос тэжээлт автомашины 80-84 хувь нь үйлдвэрлэснээс хойш долоо ба түүнээс дээш жил ашигласан хуучин машин байх жишээтэй. Түүнчлэн АСЕМ-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулсан 228 автомашин, микро­автобус, тусгай зориулал­тын автомашин, 303 ширхэг тусгай зориу­лал­тын тоног төхөөрөмжинд ногдох 1.2 тэрбум төг­рөгийн гааль, 1.3 тэр­бум төг­рөгийн онцгой, 2.7 тэр­бум төгрөгийн нэмэгдсэн өртгийн нийт 5.2 тэр­бум төг­рөгийн албан тат­варыг чөлөөлжээ. Энэ мэтчилэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогод засах, залруулах боломжтой олон зохи­цуулалт байгааг аудитын дүгнэлтэд дурджээ. Цаашид энэ сэдвээр “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн нийтлэх болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин