Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 6.3 хувиар буурав
2018-02-19

Эрдэс бүтээгдэхүүний экспорт нэгдүгээр сард 2017 оны мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар буурч, 351.7 сая ам.доллар боллоо. Үүнээс нүүрсний экспорт 39 хувийг бүрдүүлсэн байна. Гэхдээ нүүрсний экспорт мөнгөн дүнгээрээ 18.5 хувиар буурч, 135.8 сая ам.доллар болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард БНХАУ-ын талын тээвэрлэгч компаниудын эсэргүүцлээс болж Ганцмод боомтын авто замыг хаасан юм.

Үүний улмаас Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниудын экспорт 10 хоног зогссон. Тиймээс цаашид боомтоор нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх талд хоёр орны Засгийн газрын түвшинд ярилцах шаардлагатай байгаа гэдгийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд мэдээлсэн юм. Нүүрс экспортлогч компаниудын хувьд 2018 онд үнэ ханш болон эрэлт тогтвортой байна гэж харж байгаа аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэж байгаагийнхаа хүрээнд чанар муутай нүүрсний хэрэглээг хязгаарлаж байна.

Үүнтэй уялдуулан Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд баяжуулах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулж, боловсруулсан нүүрс экспортлохоор зорьж байна гэдгийг “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат онцоллоо. Харин зэсийн баяжмалын экспорт найм орчим хувиар буурч, 126.8 сая ам.доллар болсон бол цайрын хүдрийн экспорт 61 хувиар өсөж, 19.4 сая ам.доллар болжээ. Харин үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт 49.3 хувиар өссөн байна.

Эх сурвалж: bloomergtv