Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Д.Хүрэлбаатар: “Аудитын чанар, үр өгөөжийг сайжруулах жил” болгоно
2018-02-13

УИХ-ын харьяа байгууллагууд болон бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нарт хийх аудитын нээлт өчигдөр Үндэсний аудитын газарт боллоо.

Төсвийн байнгын хорооны тогтоолын дагуу Үндэсний аудитын газар 2018 онд нийт 40 аудит гүйцэтгэхээр төлөвлөгдсөний 8 нь өмнөх оноос шилжин ирж буй аудит, 32 нь 2018 онд шинээр гүйцэтгэх аудит байгаагийн дотор гүйцэтгэлийн 11 аудит, нийцлийн 4 аудит, санхүүгийн 17 аудит байгаа аж. Аудитын дээд байгууллагуудын олон улсын стандартд заасны дагуу аудит хийлгэж буй байгууллагуудын удирдлагуудад аудитын нөхцлийн талаар буюу аудитын зорилго, хамрах хүрээ, шалгах зүйл, гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар урьдчилан танилцуулах үүрэгтэй.

Тиймээс уг нээлтэд АТГ, Хүний эрхийн үндэсний комисс, СЕХ, СЗХ, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, УИХ-ын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл гэх мэт байгууллагуудын төлөөлөл оролцов.

Санхүүгийн чиглэлээр төрийн аудитын байгууллага 2018 онд

-4417 төсвийн шууд захирагч,

-129 төсөл хөтөлбөр,

-992 тусгай сан,

-111 төрийн өмчит аж ахуйн нэгж,

-537 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж,

-394 төсвийн төвлөрүүлэн захирагч,

-54 төсвийн ерөнхийлөн захирагчийн,

-нийт 6634 санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийхээр төлөвлөсөн байна.

Мөн төрийн аудитын байгууллага 2018 онд хуулиар цаглабар нь тогтоогдсон дээрх санхүүгийн тайлангийн аудитыг хийхийн зэрэгцээ өөрийн нөөц бололцоонд тулгуурлан зарим шаардлагатай асуудлаар Санхүүгийн аудит хийнэ. Энэ чиглэлээр 2018 онд Төрийн сангийн үйл ажиллагааны тогтолцоо, үр дүн сэдвээр улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийхийн зэрэгцээ Төсвийн Ерөнхийлөн захирагчийн хүрээнд 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн явцад санхүүгийн аудит хийх болсон байна.

 

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Хүрэлбаатар “Дээрх аудитаас гадна Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд, гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын 2017 оны жилийн эцэс, 2018 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд, гүйцэтгэх ажиллагаанд төлөвлөсөн хөрөнгийн зарцуулалтад санхүүгийн аудит хийж АСОСАИ-н аудитын хорооны гишүүний хувьд АСОСАИ-н 2016-2017 оны санхүүгийн тайланд аудит хийхээр төлөвлөсөн.

Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны нэг гол чиглэл бол аливаа ажил үйлчилгээ явагдаад өнгөрсний дараа дүгнэх бус явцын дундуур хяналт хийж алдааг залруулах, засах боломжийг олгох явдал байдаг юм. Энэ үүднээс төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, төсөл, хөтөлбөр, сангийн 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийх завсрын аудитыг 2018 оны IY улиралд хийхээр төлөвлөсөн. Ийнхүү завсрын аудит хийх нь тухайн жилийн санхүүгийн тайланд гарч болох алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ дараа онд хийгдэх санхүүгийн тайлангийн аудитын суурь үндсийг бүрдүүлж, хуулиар тогтоогдсон богино хугацаат аудитыг цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжийг олгох давуу талтай байдаг.

Энэ жилийн аудитын ажлын нэг онцлог бол Төсвийн байнгын хорооны тогтоолоор батлагдсан хуваариар ихэнхи аудитууд эхний хагас жилд хийхээр төлөвлөгдсөн байгаа нь гүйцэтгэгч төрийн аудитын байгууллагын хувьд ч, үйлчлүүлэгч та бүхний хувьд ч ихээхэн хүндрэл учруулж болзошгүй байна. Нэгэнт эхний хагас жилд багтаан Улсын Их Хуралд хүргүүлэхээр цаглабартай байгаа тул батлагдсан хугацаанд аудитыг чанартай гүйцэтгэх нь та бидний хамтын хүчин чармайлтаас ихээхэн хамаарах болно.

Тиймээс төрийн аудитын байгууллага 2018 оны “Аудитын чанар, үр өгөөжийг сайжруулах жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна. Мөн харьяа байгууллагуудын төсвийн захирагчдыг хуулийн хугацаанд 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт, материалыг аудитын байгууллагад хүргүүлж тайлагнах, аудиторуудыг аудит хийх нөхцөл, боломжоор хангах, ажлыг зохион байгуулж төрийн аудитын байгууллагад хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу” хэмээв.

Ийнхүү тэрээр ирсэн төлөөлөлд Аудитын олон улсын стандартд заасны дагуу аудит хийх тухай зарим аудитын ажлын захидал, аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг гардууллаа.

Энэ жилийн аудитын бас нэг онцлог нь УИХ-ын Байнгын хорооны тогтоолоор батлагдсан бүх аудитыг харьяалах Байнгын хороодод зөвхөн хүргүүлэх биш танилцуулдаг, сонсдог болж байгаа явдал юм.